Монголд автобус угсарч байгаа тухай мэдээлэл шинэ биш хуучин сэдэв. Гэхдээ иргэд үүнийг баяртайгаар хүлээж авдаг. Машин үйлдвэрлэлийн эхлэл, монгол инженерүүд хийж чадаж байна гэсэн бахархалтай нүдээр хардаг. Хэдэн жилийн өмнө тролейбус угсарч Казакстанд цөөн тоогоор нийлүүлсэн тухай дуулдаж байв. Цахилгаан тээврийн хэрэгсэлийн угсралт үйлдвэрлэл ингэж идэвхтэй эхэлж байсан ч сүүлдээ сураг чимээ нь бүдгэрэн бүдгэрсээр ирсэн. Казакстан дахиад Монголын тролейбусыг сонирхсонгүй.
Харин ийнхүү чимээ алдарч байсан тээврийн хэрэгслийн угсралт үйлдвэрлэл энэ сарын дундуур эргээд чих дэлсэж, цахим орчинд хэсэгтээ л бахархал дүүрэн бичигдэж байна. Ерөнхий сайд ч ЗТХЯ-ны мэргэжилтнүүдтэй хамт “МОН-30” загварын том оврын 100 хувь цахилгаан автобусны угсралт үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай биечлэн танилцжээ.
Нийслэлийн нийтийн тээвэрт ашиглах байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, цаг уурын нөхцөлд тохирсон Мон-30 загварын 2 ширхэг цахилгаан автобусны туршилтын загварыг “Монгол машин индустриал” гүйцэтгээд байгаа аж. Холбогдох мэргэжилтнүүдийн танилцуулснаар Монгол инженерүүдийн бүтээсэн энэхүү цахилгаан автобус нь 2-3 цагийн хугацаанд цэнэглээд 180-200 км зам туулах техникийн үзүүлэлтэй аж. Мөн энэ загварын цахилгаан автобус нь дотоодын эрчим хүчний салбараас жилд 6,6 сая төрөгний эрчим хүч худалдан авч, нийтийн тээврийн салбарын зардлыг 30-40 хувь буулгана хэмээн танилцуулж байна.
Монголчууд автобус, тэр дундаа цахилгаан автобусыг эх орондоо угсарч байгаа нь сайн мэдээ. Үүнийг хоёр гараа өргөөд дэмжинэ. Гэхдээ юманд учир бий.
Нийтийн тээвэр гэдэг хатуу шалгуур, чанд стандарттай бүтээгддэг. Учир нь нийтийн тээврийн нэг автобус наанадаж 40-45 хүн тээвэрлэх зориулалттай. Харин Монголын нөхцөлд бол магадгүй 60-70 хүн зорчино. Ийм олон хүний амь нас, аюулгүй байдлыг хангах ёстой гэдэг үүднээсээ стандартын маш өндөр босго, шалгуур шаардлагыг хангаж байж бүтээгддэг. Энэ бол дэлхий нийтэд тогтсон хэм хэмжээ.
Тэгээд бас үйлдвэрлэлийн бүхэл бүтэн эргэх холбоо, цикл дамжлагаар бүтээгддэг гэдэг нь тодорхой. Энгийнээр бодоход үйлдвэрлэлийн дамжлага бүр дээр чанарын баталгааны хяналт, лаборторийн шинжилгээ тохируулга, тусгай зориулалтын туршилтууд гэхчлэн олон даваа давж баймаажин сая хэрэглэгчдийн гар дээр очих учиртай байх. Жишээ нь автобусны кузов угсралт гэхэд л 7 дамжлага дамждаг бол бэлэн болсон цахилгаан автобусыг 24 цагийн турш өндөр даралттай усан дор шалгаж туршдаг байна.
Угсарч бэлэн болсон цахилгаан автобус хэрэглэгчдэд очихынхоо өмнө наанадаж 6 төрлийн шалгуурыг үйлдвэрийн болон жинхэнэ бодит байдал дээр шалгагдаж баталгаажсан байх ёстой. Жишээ нь, устай болон бороотой нөхцөлд ямар нэг цахилгаан богино холболт үүсэхгүй байх, тодорхой градусын хазайлттай замаар явах боломж, хэдий хэрийн ачаалалттайгаар хэдэн метрийн өндөр өөд өгсөж уруудаж чадах зэргийг шалгаж баталгаажуулсан байх ёстой. Мөн 24 цагаас 30 хоногийн турш үйлдвэрийн нөхцөлд янз бүрийн зам дээр тухайлбал, хуурай, нойтон, хальтиргаатай, донсолгоотой зам дээр тасралтгүй туршигддаг байна. Түүнчлэн ухаалаг гагнуурын роботоор гагнасан их биеийн холбоосыг үйлдвэрийн нөхцөлд нэг бүрчлэн шалгаж бөх бат байдлыг тогтооно. Бүр нарийн яривал өнгө будаг, эрүүл ахуйн нөлөөлөл гээд цааш үргэлжилдэг. Нэгэнт цахилгаан машин учраас мөргөлдөхөөс сэргийлэх систем, автомат эргэлт, жолооч хэр ядарсан зэргийг тогтоох гэхчлэн орчин үеийн дэвшилтэт аргууд энэ төрлийн тээврийн хэрэгсэлд хэдийнэ нэвтрээд байгаа аж.
Харин цаашид Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 1000 гаруй Мон-30 загварын цуврал цахилгаан автобусаар хангана гэж байгаа энэ үйлдвэрлэл маань гар ажиллагааны мануфактур үйлдвэрлэлээс юугаараа ялгагдаж, олон улсын хэм хэмжээ болсон стандарт нормыг хэрхэн хангаж баталгаажуулах вэ гэдэг нь одоогоор асуултын тэмдэгтэй байна.
Дэлхийн улс орнуудад цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл угсаралтанд энэ мэт стандарт шалгуур хэдийнэ хэвшиж тогтоод байна. Дараалсан хяналт бүхий дамжлага нь үйлдвэрлэлийн найдвартай байдлыг хангах гол нөхцөл болдог аж.
Харин Монголд бол байдал дээрхээс огт өөр. Уужуухан зайтай грааш, угсарсан сэндвичэн байшинд гагнуурын аппарат, авто засварын багаж хэрэгсэл ашиглаад нийтийн тээврийн хэрэгслийг үйлдвэрлэнэ гэхээр санаанд нэг л буухгүй байна. Өөрөөр хэлбэл шалгуур стандарт нь юу вэ, тэр нь хэрхэн хангагдаж байна вэ гэдэгт л эргэлзээ төрж байгаа юм. Яг үнэндээ бол гадаадын үйлдвэрүүдээс бэлэн бэлдэц, деталь хэсгүүдийг оруулж ирээд гагнаж, угсраад тээврийн хэрэгсэл босгочихыг ШУТИС-ын механик инженерийн сургуулийн оюутнууд ч чадна.
Харин цаашид Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 1000 гаруй Мон-30 загварын цуврал цахилгаан автобусаар хангана гэж байгаа энэ үйлдвэрлэл маань гар ажиллагааны мануфактур үйлдвэрлэлээс юугаараа ялгагдаж, олон улсын хэм хэмжээ болсон стандарт нормыг хэрхэн хангаж баталгаажуулах вэ гэдэг нь одоогоор асуултын тэмдэгтэй байна.
Мон-30 цахилгаан атобусны угсралттай танилцах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэхүү ажлыг бүх шатны албан тушаалтнууд, яамд, төр захиргааны байгууллагууд дэмжих ёстой. Монгол инженер, техникийн ажилтнууд гадныхнаас дутахааргүй чадвартай, хийж бүтээж чадаж байгааг энэ бүтээл батлаж байна… Монгол хүн бүр эх орондоо үйлдвэрлэсэн зүйлээ амьдралдаа хэрэглэж, бахархаж байж улс орон хөгжинө” гэж онцолсон. Засгийн тэргүүн маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэлээ.
Бид энэ асуудлыг хөндөхдөө үйлдвэрлэж, хийж бүтээхээр зорьж байгааг нь буруутгасангүй. Харин иргэднийхээ аюулгүй байдлыг хангах стандартыг нэхэж, бусдын жишиг ийм байна шүү, та нарынх харин ямар вэ гэдгийг тодруулах гэсэн юм.
Гэхдээ харамсалтай нь мөнөөх автобус угсрагчид маань нийтийн тээвэрт байх ёстой стандарт хэм хэмжээ, шалгуурын талаар ганц ч үг дуугарсангүй. Ерөнхий сайд, болон түүний зөвлөхүүд, дагалдан явсан яам тамгын мэргэжилтнүүд заавал инженер, тэр дундаа тээврийн инженерийн мэргэжилтэй, мэдлэгтэй байх албагүй. Үйлдвэрлэгчид харин тэр нийтийн тээврийн хэрэгслийнхээ стандарт баталгаажуулалтын нарийн ширийн асуудлаа өөрсдөө санал санаачлагаараа гаргаж зовлон жаргалаа ярьж зөвлөх ёстой байлаа. Гэтэл яг энэ халуун асуудлаа тойруулаад зөвхөн үйлдвэрлэл угсралт, зах зээлээ баталгаажуулж авахад хамаг анхаарлаа хандуулчих шиг боллоо. Чухал асуудлаа бусад сэдвээр чулуу хөөлгөж дуугүй өнгөрөөнө гэдэг бол Засгийн тэргүүндээ молиго үмхүүлээд мордуулж байгаагаас өөрцгүй.
Бид энэ асуудлыг хөндөхдөө үйлдвэрлэж, хийж бүтээхээр зорьж байгааг нь буруутгасангүй. Харин иргэднийхээ аюулгүй байдлыг хангах стандартыг нэхэж, бусдын жишиг ийм байна шүү, та нарынх харин ямар вэ гэдгийг тодруулах гэсэн юм.
Иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ ээ. Үүний тулд үйлдвэрлэсэн цахилгаан автобусаар чинь ямар нэг эргэлзээ, айдасгүйгээр үйлчлүүлмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл гагцхүү бусдын жишгээр хянаж тогтоосон тэр стандарт, аюулгүй байдлын баталгааг л шаардана. Ерөөс машин үйлдвэрлэлээ мануфактур маягаар эхэлвэл стандарт хаягдаж орхигдоно л гэсэн үг.