Өнөөдрөөс буюу аравдугаар 19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна гэж цаг уурын байгууллагаас мэдээлэв.
Дөрөв хоногийн урьдчилсан мэдээгээр 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орох төлөвтэй байна. Салхи 19, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20, 22-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
Цасан шуургатай үед иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын газраас байнга анхааруулдаг. Мөн жолооч нар батлагдсан зам маршрутын дагуу зорчих, техникийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, автозамын нөхцөл байдал хүндрэлтэй байгааг анхаарах, дулаан хувцас, бензин шатахууны нөөцтэй байх хэрэгтэйг зөвлөж байна.
Ургац хураалтын ажил үргэлжилж байгаа. Тиймээс цас, мөсөнд ургацаа даруулахгүй байхыг ч тариаланчдад холбогдох газраас анхааруулж байна. Нийтдээ 46.3 мянган га-г ангилан хадаж, нийт 194.7 мянган га-гаас 266.3 мянган тонн үр тариа, 12.5 мянган га-гаас 158.6 мянган тонн төмс, 7.6 мянган га-гаас 88.1 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 57 хувь, төмсний 96,1 хувь, хүнсний ногооны 92,4 хувь, тэжээлийн 51,7 хувь, тосны ургамлын 30,2 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 70 гаруй хувьтай явагдаж байгаа юм.