С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурдав. Ерөнхий сайд У. Хүрэлсүх цаашид “Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүсэв. Найрамдалт харилцаатай Монгол Улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав. Уулзалтын үеэр хоёр орны хоорондох худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой барих зэргийн талаар санал солилцов. Ирэх онд болох Халхын голын байлдааны хамтын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үед ОХУ-аас өндөр, дээд хэмжээний зочид хүрэлцэн ирнэ