Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, анагаах ухаан, боловсрол, соёл, спортын уламжлалт харилцаагаа шинэ шатанд гаргах болон бусад салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Газар зүйн байршлаас шалтгаалан жил бүрийн 5-10 дугаар сард далайн шуурга болдог Куба Улс гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, аврах, сэргээн босгох чиглэлээр туршлага ихтэй. Тухайлбал өнгөрсөн онд 10 тэрбум ам.долларын хохирол учруулсан “Ирма” хар салхинаас урьдчилан сэргийлж нэг сая орчим хүн, зарим томоохон үйлдвэрээ нүүлгэн шилжүүлсэн байна. Үүний дүнд нэг ч хүний амь эрсдээгүй бөгөөд эвдэрч сүйдсэн эрчим хүчний сүлжээгээ 10 хоногийн дотор засч хэвийн болгож байжээ. Иймээс Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг Куба Улсад айлчилж туршлага судлан, цаашид энэ салбарт хамтран ажиллахыг хүсэв. Мөн уул уурхайн салбарт Монгол Улсын хуримтлуулсан туршлагыг судлах сонирхлоо илэрхийллээ.
Талууд өндөр, дээд түвшний харилцан айлчлал зохион байгуулах, оюутан солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Токиогийн олимпийн өмнө жүдо, чөлөөт бөх, боксын тамирчдын хамтарсан бэлтгэл хийх, 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тодорхой арга хэмжээ зохиох талаар санал солилцов.
Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн болон Сайд нарын Зөвлөлийн дарга Мигель Диаз-Канэл Монгол Улсад айлчлах урилгатайг Шадар сайд Ө.Энхтүвшин нотлов.