Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол энэ сарын 30-нд товлогджээ. Тэрбээр нутаг нэгт сумочтойгоо гар зөрүүлсэн гэх асуудлаас үүдэн зодог тайлахаа мэдэгдсэн. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн билээ.
Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон юм. Мөн 2016 оны шилдэг сумоч болж, Японы спортын өдөр тутмын хэвлэл болох “Хойчи Шимбү” сониныхон түүнийг 2016 онд болсон бүх башёд тогтмол өндөр амжилт үзүүлсэн хэмээн үнэлж, энэхүү шагналыг хүртээж байв.
Түүний багш Исэгахама Ояката мэргэжлийн сумогийн 63 дахь Их аварга Асахифүжи билээ. Харумафүжи Д.Бямбадорж удам залгасан ясны бөх бөгөөд түүний аав Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Үндэсний бөхийн Монгол Улсын заан Р.Давааням агсан, том ах Д.Баасандорж нь аймгийн начин, бага ах Д.Лхагвадорж улсын начин, авга ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар юм