ЯАГААД ХҮМҮҮС ЦАХИМ ОРЧИНД НЭГНИЙГЭЭ ДЭЭРЭЛХДЭГ ВЭ?
Бусдыг дарамталж дээрэлхэх явдал өдөр тутмын энгийн амьдралаас илүүтэйгээр цахим орчинд гарч, мэдрэгддэгийн шалтгаан нь нэрээ нууж болдог, иймээс дээрэлхэгч нэгэнд улам таатай болдог байна. Хоёр төрлийн хүмүүс бусдад дарамт үзүүлэх нь түгээмэл байдаг. Бусдын дунд нэр хүндтэй, алдартай хүмүүс болон нийгэмд гадуурхагддаг хүмүүс. Энэхүү үзэгдэл бүх л насанд тохиолдож болох ч өсвөр насны хүүхдүүд дунд илүү тохиолддог.
Алдартай хүүхэд, өсвөр үеийнхний бусдыг дээрэлхдэг шалтгаан:
- Ингэснээр бусдын дунд алдартай, нэр хүндтэй байна гэж боддог.
- Бусдыг зовоосноор өөрийгөө хүч чадалтай байгаагаар мэдэрдэг.
Бусдын дунд байр суурь муутай хүүхдүүдийн бусдыг дээрэлхдэг шалтгаан:
- Өөрсдийн өөртөө итгэлгүй байдалтайгаа нүүр тулахад нь тусалдаг.
- Ингэснээр үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлнэ гэж боддог.
- Гомдоосон хүмүүсээ ойлгох тал дээр маруухан.
Товчхондоо, бусдыг дээрэлхэгчдийн үйлдэл тэдэнд өөрсдөд нь тулгардаг асуудлаас урган гардаг. Ийм хүүхдүүдийн эцэг эх нь анхаарал халамж бага тавьдаг, хичээл сургуульдаа дуртай биш, түгшүүр, сэтгэл гутралтай байх нь түгээмэл. Тэд сэтгэл хөдлөлөө хянах, дүрэм журам дагахдаа муу.
Мөн цахим орчинд дарамт, дээрэлхэл явагддаг бусад шалтгаан:
- Нэрээ нууцлах—Цахим орчинд дээрэлхэж буй хүнтэйгээ нүүр нүүрээ харж харьцахгүй учир зориг бага шаардаж, баригдахгүй гэсэн төөрөгдөл үүсдэг.
- Үр дагаврыг бодолцохгүй байх—Хүүхдүүд хөгжилтэй гэж боддог учир цахим орчинд нэгнээ дээрэлхэж, шоглох нь түгээмэл. Дээрэлхүүлж буй хүний хариу үйлдлийг нүдээр хардаггүй учир ямар их сэтгэл зүйн хохирол учруулж байгаагаа мэддэггүй.
- Нийгмийн дарамт—Зарим хүмүүс тэдний энэ үйлдэл нь хэвийн, нийгэмд байж болох үзэгдэл гэж боддог. Найз нөхдийн нөлөө, ятгалга их нөлөөлдөг.
ТА ИЙМ ДАРАМТАД ӨРТВӨЛ ЮУ ХИЙХ ВЭ?
Цахим орчинд дарамтад өртсөнөөр хүн өөрийгөө арчаагүйгээр мэдэрч болох ч өөрийгөө хамгаалж, тусламж хүсэх дараах алхмуудыг хийж болно. Хамгийн гол нь асуудал байна гэдгийг ухаарсан тэр даруйдаа өөрийн итгэдэг хүнтэй ярилцах хэрэгтэй.
Цахим орчин дахь дарамтад хэрхэн хариу үзүүлэх вэ:
- Тоохгүй байх—АНУ-ын Цахим орчин дахь дарамтыг судлах төвөөс зөвлөж буйгаар элдэв нэр хочоор дуудах жижиг хэмжээний өдөөн хатгалтыг аль болох тоохгүй өнгөрөөх хэрэгтэй. Хийж буй үйлдэлд нь хариу үзүүлж буйд дээрэлхэгчид өөгшиж, давардаг байна.
- Тэмдэглэж авах—Өөрт ирж буй дарамталж, дээрэлхсэн зурвасуудыг хадгалж бай, ингэхдээ цаасан хэлбэрээр хадгалах хэрэгтэй. Хэзээ тэдгээр зурвасыг авсан бүртгэл, эсвэл тухайн зурвасуудыг бусдад үзүүлснээр яг юу болсон, хэн хийснийг тогтооход дөхөм болно.
- Бусдад ханд—Эцэг эх, багш, сургуулийн удирдлага болон цагдаад хандаж тусламж авч болно. Найзууд, сэтгэл зүйчтэй ярилцсанаар бухимдсан үедээ тэдний дэмжлэгийг авч чадна. Бусдын дарамтад өртөж байгаа бол ганцаараа шаналах ёстой гэсэн ямар ч ёс байхгүй.
- Таслан зогсоо—Боломжтой бол дээрэлхэгчээс бүх харилцаагаа тасал. Утасных нь дугаарыг блоколж дуудлага, мессеж авахгүй байж болно. Хэрэв боломжгүй бол дугаараа сольж болно. Фейсбүүк болон бусад мессенжерээр тухайн хүнийг блоколсноор тэд дахин тантай харьцаж чадахаа болино. Хэрэв ямар нэг шалтгаанаар тухайн хүнийг блоколж болохгүй бол зурвасыг нь уншилгүйгээр устгаарай.
- Технологийг ашигла—Хэрэв дарамт, дээрэлхэлт веб хуудсаар явагдаж байгаа бол энэ нь веб хуудасны дотоод журамтай харшилна гэсэн үг. Иймд хуудасны админд мэдэгдэж, тухайн хүнийг хуудаснаас хасуулж болно. Мөн энэ төрлийн хэрэг их гардаг Фейсбүүк, Youtube хуудасны “аюулгүйн төв” буюу “safety centers”-т мэдэгдэх боломжтой. Мөн интернет, утасны үйлчилгээ үзүүлэгч оператортоо хандсанаар тухайн этгээдийг илрүүлэх магадлал бий.
ЮУ ХИЙЖ БОЛОХГҮЙ ВЭ?
- Дээрэлхэгчийн түвшинд очих. Дээрэлхэгчтэй адил үйлдэл хийх нь ямар ч сайн зүйлд хүргэхгүй бөгөөд хууль, журам зөрчсөн үйлдэл ч болох магадлалтай.
- Дарамталсан зурвас, контентыг цааш дамжуулах. Хэн нэгнээс ийм мессеж аваад найздаа дамжуулах нь асуудлыг улам л даамжруулна. Ийм гинжин хэлхээ хэр урт хөврөхийг таахын аргагүй.
- Дээрэлхэгчид итгэх. Тэдэнд өөрийн итгэх итгэлийг мохоох боломж бүү олго. Хэн ч дарамтлуулах ёсгүй. Цахим орчинд бусдыг дарамтлагчдын хулчгар, хортой үйлдэл нь таны асуудал гэхээс илүү тухайн хүний асуудлыг илэрхийлж байдаг. Хэрэв ийм явдал таныг сэтгэлээр унагаж байгаа бол таныг сэргээж, урам өгч чадах хүнтэй ярилцаарай.