Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх асуудлаар “Арга хэмжээ авах тухай” албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний албан тушаалыг булаалдсан хэсэг хүмүүсийн зөрчил, тэмцэл туйлдаа хүрсэн гэж үзэн, мөн монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээж ирсэн үндэсний спорт, түүхт их өв соёлын нэр хүнд, үнэлэмжийг үгүйсгэн гутаах болсонтой холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сард зөрчилдөгч талуудын төлөөлөл болсон нэр бүхий хүмүүст албан бичиг хүргүүлсэн юм.
Дээрх албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн байр сууриа тодорхой илэрхийлж, “…хууль ёсыг умартсан тэмцлээ таслан зогсоож, Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх…” сануулга хүргүүлсэн ч өнөө хэр нь үр дүнд хүрсэнгүй гэж Ерөнхийлөгч үзэж байна. Мөн зөрчилдөгч талуудаас ирүүлж буй бие биенээ үгүйсгэн харлуулсан өргөдөл, мэдээллүүд өнөө хир Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ирсээр байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…Бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлыг иргэд, олон нийт илт буруушааж, улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулагдсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг санал, шаардлагыг гаргах болсон нь зүй ёсны хэрэг бөгөөд анхаарч шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн албан бичигтээ дурдав.
Түүнчлэн албан бичигт,”Монгол Улсын Засгийн газар Бөхийн өргөөний барилгын дуусгалд шаардагдаж байгаа 1.1 тэрбум гаруй төгрөгийн 800 сая төгрөгийг нь улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэж, 1998 оны 02 дугаар сарын 01 болон 10-ны өдрүүдэд Засгийн газрын холбогдох яам, агентлаг нь Монголын Үндэсний бөхийн холбоотой гэрээ байгуулж, хуваарийн дагуу санхүүжүүлснээр Монгол бөхийн өргөө ашиглалтанд орсон түүхтэй” байдаг талаар бичжээ.
Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд дээрхийг авч үзвэл нийт зардлын дийлэнх хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулсан Монгол бөхийн өргөөний гол өмчлөгч нь төр байхаар байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна