Өнөөдөр 2018 -209 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Засгийн газраас багш нарын цалинг хичээлийн шинэ эхэлж буйтай холбогдуулан 12 хувиар нэмэгдүүлсэн. Гэвч багш нарын асуудал эрхэлсэн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас цалингийн нэмэгдлийг ихэсгэхийг шаардаж, хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгдсэн.
Энэ хүрээнд Нийслэлийн хэмжээнд нийт 12 Ерөнхий боловсролын сургууль ажил хаяж байгаа талаар БСШУСЯ-наас мэдээлэв. Ажил хаялтад, Баянгол дүүргийн 93-р сургууль, Эрдмийн өргөө, Баянзүрх дүүргийн 79, 92, 97, 102, Амгалан сургуулиуд, Хан-Уул дүүргээс 18,26, 34, 41, 114 дүгээр сургуулиуд ажил хаялтад нэгдээд байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” сургууль 40 хувийн ажил хаялттай байгаа аж. Өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтын талаар мэдээлэл хийх тов зарлаад буй. Харин салбар яамны зүгээс ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.Монголын Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хугацаагүй ажил хаялтын хүрээнд Засгийн газарт хандан, нийт дөрвөн шаардлага тавиад буй. Үүнд,
НЭГ:2018 оны улсын төсөвт тодотгол хийж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар 2018.09.01-ний өдрөөс нэмэгдүүлэх,
ХОЁР:2018 оны Улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн урамшууллыг 2018.10.01-ний өдрөөс олгох
ГУРАВ:2019.01.01-ний өдрөөс боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалинг 50 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлэх,
ДӨРӨВ: Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт улсын хэллэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Засгийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас ажил хаялт зарлахад хүрсэн тул ажил хаялтад оролцох ажилчдын цалин хөлсийг бүрэн олгох гэсэн шаардлагууд багтаж байгаа юм