Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбогдуулан нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан юм. Тэд УИХ-аас өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр 62 дугаар тогтоол гаргаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн, улмаар уг тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй гэж үзсэн байдаг.
Тухайлбал, УИХ-ын 62 дугаар тогтоол нь төрийн жинхэнэ албан хаагчийг нөхөн сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарласан зэрэг үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад байсан юм. Харин дээрх өргөдөл, гомдлын дагуу өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж, шийдвэрээ гаргалаа. Тэд УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх оны зургадугаар сард явуулах хууль, эрх зүйн орчин үүсч байна.
Дашрамд дуулгахад, хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр даргалж, бүрэлдэхүүнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нар оролцсон. Харин гомдол, мэдээлэл гаргагч талаас иргэн С.Мөнхцэцэг, Н.Оюун, Гүлим нар, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцсон билээ