Бага насны хүүхдүүд томчууд, тэр дундаа ойр тойрныхоо танилууд, тэр ч бүү хэл төрсөн эцэгтээ хүчирхийлүүлж, доромжлуулах тохиолдлууд гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд зургаан настай эрэгтэй хүүхдийг төрсөн эцэг нь хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан аймшигт хэрэг нийслэл Улаанбаатар хотод гарсан байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух, зургаан настай эрэгтэй хүүхдийг төрсөн эцэг нь болох, 32 настай этгээд хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байна. Эл хэргийг одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Ой найман сартай хүүхэд бусдад хүчирхийлүүлсэн, саяхан бага насны хүүхдийг төрийн албан хаагч нягтлан мэргэжилтэй залуу хүчирхийлэхийг завдаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэтээр хүүхдийн хүчирхийллийн талаарх хар бараан мэдээлэл тасралтгүй хөвөрсөөр байна.
Өнөөгийн нийгмийн айдас түгшүүр, муу муухайгийн туйл болсон хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл газар авч буй нь эмзэглүүштэй. Нэг үгээр хэлэхэд, хүн хоорондын ариун нандин бүхнийг сэвтээсэн гэр бүлийн хүчирхийлэл итгэл дээр дөрөөлдөгөөрөө хамгийн аймшигтай. Тэр хэрээрээ дэгэж дэрвэж яваа бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүдийн амьдралыг эрэмдэглэдэг.
Улс даяараа хүчирхийллийн эсрэг хашгирч байгаа нь сайшаалтай ч бага насны хүүхдийн хүчирхийлэл ихэнхдээ төрсөн эцэг, хойд аав, ураг төрлийн хүрээнд үйлдэгдэж байгаа нь ямар ч тоон мэдээ, хууль журмаас илүү түгшүүртэй байна. Төрсөн болон хойд эцэг, ураг төрөлдөө итгээд бага насны хүүхдээ үлдээх нь эргээд ийм эрсдэл дагуулж байгаа учраас ямар ч сайн хууль журам гаргаад үр дүн бага. Бид хүүхдүүдээ яаж хамгаалах ёстой вэ