Бухимдал ба илчлэл
Аливаа тээврийн зардал туулах зайтайгаа шууд хамааралтай байхаас биш урвуу хамаарал байх ёсгүй. Лондонгоос Сингапур руу нисэхэд 295 евро (783 мянган төгрөг) төлж байсан зорчигч Улаанбаатараас Сөүл рүү нисэхэд 2.6 сая төгрөг төлсөндөө ихэд бухимджээ. Лондон-Сингапурын хоорондын зай 10841 километр бол Улаанбаатар – Сөүлийн хооронд 1990 километрийн зай бий. Лондонгоос Сингапур руу 12 цаг нисдэг бол, Улаанбаатараас Сөүл ороход 3 цаг л болдог.
МИАТ, Кореан эйр компаниуд УБ-Сөүлийн чиглэлд үгсэн хуйвалдах(картель) тохироо хийсэн байх шинж тэмдэг илт ажиглагддаг. Хориод жил зорчигчдыг шулж байгаа үнийн тохирооны талаар Өмнөд солонгосын парламентын гишүүн Пён Че Ил ноцтой мэдээлэл өгснийг сануулъя. Түүний мэдэгдснээр Инчоноос 2061 км зайтай Хятадын Шимчон хот хүрэх нислэг 250 мянган вон, 2080 км зайд байх Гуанжоу хот хүрэхэд 270 мянган воныүнэтэй байхад1990 км зайд орших Улаанбаатар хот хүрэх онгоцны тийз333,3 мянган вон байгаа ажээ.Улаанбаатарын чиглэлээс жилд 14,1 тэрбум воны ашиг олдог “Korean Air” компанидавуу эрхээ хадгалахын тулд монголын тээврийн салбарын удирдах албан тушаалтнууд, тэдний гэр бүлд онгоцны тийз бэлэглэх, Солонгосоор үнэгүй аялуулах зэрэг авлигын шинжтэй үйлчлгээ үзүүлснийг Пён Че Ил дурдаж байв. Кореан Эйр компанибусад чиглэлийн нислэгээс 9~3 хувийн ашиг олдог байхад Улаанбаатарын нислэгээс 42 хувийн ашиг унагаж байгаа нь шударга өрсөлдөөн биш тул шалгаж, бусад компаниудадэнэ чиглэлд нисэх боломж гарган, өрсөлдөөн үүсгэх хэрэгтэй гэж Пён Че Ил хэлжээ. Кореан эйр зорчигчдыг “шулж” олсон ашгаасаа МИАТ ХК-д хүртээх кодшейр гэрээтэй гэж байгаа. 42 хувийн ашиг гэдэг бол эрүүл биш үзэгдэл !
Агаарын тээвэрт гарцаа байхгүй бизнесийн шударга зарчим үгүйлэгдэж байна. Гэтэл энэ бүхний хянаж, зохицуулж байх учиртай Засгийн газар, тээвэр хариуцсан сайд, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар юугаа хийж сууна вэ? Иргэдээ шулуулж байхад ингээд хараад сууж байдаг Засгийн газар байж болох уу? Агаарын тээврийг либеральчлах бодлого хаана, хэзээ хэрэгжих юм бэ?
МИАТ ба шатахууны үнэ
Жил бүхэн дэгддэг агаарын тээврийн тийзний үнийн маргааныг тайлбарлах гэхдээ МИАТ компанийн зүгээс“Манай нийт зардлын 32 хувийг зөвхөн түлшний зардал эзэлдэг. Түлшний үнэ өндөр байгаа ньСод Монгол гэх компанийн монопольчлолтой холбоотой” гэж удаа дараа мэдэгдэж байв.
Уг нь зах зээлийн үнээр шатахуунаа авах гэхдээ МИАТ ХК жил бүр тендер зарладаг. Тендерт оролцсон компаниудын өгсөн үнийг жагсаавал:
Сод Монгол 21.063.000.000
Магнайтрейд 21.501.771.210
Мэргэван 21.436.647.000
НИК 21.612.762.000
Шунхлай 26.848.587.200
Эндээс харахад хамгийн бага үнийн саналыг “Сод Монгол “ групп өгсөн байна. ГэтэлМИАТ ХК-ийн зүгээс байнга өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байгаагаас тийзний үнэ өндөр болдог гэж тайлбарлана. Ямар нэг логик холбоос байхгүй ийм үйлдлийн цаана юу нуугдна вэ?
Анандбазарын 13 мэх
Тендерт доод үнийг өгч ялдаг ч эцэстээ дээд үнийг авч салдаг нь Сод Монгол ХХК-ийн захирал Ц.Анандбазарын дархан мэх ажгуу. Тэрээр онгоцны шатахуунд монопольчлолоо тогтооход амьдралынхаа 20 гаруй жилийг зарцуулсан юм. “Ангайтал залгигч” хочтой Анандбазарт 13 мэх бий.
Ц.Анандбазар “Үндэсний удирдагч” хэмээн өөрийгөө өргөмжилж асан Н.Энхбаярыг Соёлын сайдбайхад шадар туслахаар нь ажиллаж байх үеэсээ “даргын нэр барих” хэмээх анхны мэхээ сурчээ. Одоо ч ашигладаг. “Ерөнхий сайд ингэж хэллээ” гээд л яам, төрийн өмчит компаниудын удирдлагатай яриагаа эхлэдэг тэрбээр төрийн албанд ажилладаг хүмүүст Ерөнхий сайд руу утасдаад лавлах “зүрх” байдаггүйг сайн мэдэж, ашигладаг.
Ц.Анандбазарын анхны мэх УИХ-ын 2000 оны сонгуулийн үеэр анх илчлэгдсэн. Цаадах “Н.Энхбаяр дарга сонгуульд ялбал намайг сайд болгоно” гэж амласан хэмээн нэр барьж яваад баригдсан удаатай. Дотоодын дарга нарын нэрийг барихаас гадна орос дарга нарын нэрийг ч гамгүй ашиглана. “Роснефтийнхэн Сод Монголоос өөр компанид онгоцны шатахуун худалдахгүй” гэж хэлжээ хэмээх түүний тараасан цуурхал нэг хэсэгтээ л амжилттай үйлчилсэн юм. “Роснефть” компанийн захирал Богданов гэгч “Зөвхөн “Сод монгол” компанид онгоцны шатахуун нийлүүлнэ. Шатахуун хэрэгтэй юм бол “Сод Монгол”-оос авна биз” гэх утга бүхий бичгийг Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд ирүүлсэн” хэмээх барим тавим мэдээг хэвлэлээр тараасан хүн нь Ц.Анандбазар өөрөө байсан байх магадлалтай аж.
2010 онд л Роснефть зөвхөн “Сод Монгол” группд л онгоцны шатахуун нийлүүлнэ гэх явган яриаг нягталж үзэх санаа УИХ-ын гишүүдэдтөржээ. Учир нь зах зээлийнүнэ тонн тутамд 710 ам.доллар байхад Ц.Анандбазар МИАТ компанид 1065 ам.доллараар шахаж байсан юм. Эрхэм гишүүд яагаад ийм өндөр үнээр шатахуун авсныг нь тодруулахад МИАТ-ын ажилтнууд “Ц.Анандбазар оросуудаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхныг хүртэл дарамтлуулдаг” гэсэн хариу өгчээ.Төрийн яамыг дарамтладаг оросын компаниас лавлагаа автал “Ц.Анандбазар гэж хүнийг мэдэхгүй, мөнгөө төлөөд шатахуун авч байвал бүх компанид манайх нээлттэй” гэсэн хариу өгснөөр “нэр барих” мэх нь ахин илчлэгдсэн байдаг. Бодит байдал дээр Роснефть бус өөр орос хүмүүстэй Ц.Анандбазар хуйвалдсан байх сэжүүр гарсан юм. Сод Монгол компани оросоос авсан шатахууныхаа төлбөрийг АНУ-д амьдардаг нэр бүхий орос хүмүүсийн данс руу шилжүүлдэг байсан нь шалгалтаар тогтоогджээ.
МИАТ компаний 2008, 2009 оны тендер шалгаруулалтад Үндэсний аудитын газар шалгалт хийгээддүнг нь УИХ-д тайлагнахдаа “МИАТ ХК-д зах зээлийн үнээс хэтийдсэн өндөр үнээр шатахуун нийлүүлдэгт нийлүүлэгч компаниас гадна төрийн албан хаагчид буруутай. Тэдкомпанидаа өндөр үнээр шатахуун авахдаа урамшуулал авдаг. МИАТ-ын ажилтнууд, тэднийг хянадаг Төрийн байгууллагын ажилтнууд энд хамаатай. МИАТ ХК-д шатахуун нийлүүлэхдээ“Сод монгол” групп өөрийн охин компани Мэргэ вантайгаа өрсөлдсөн дүр үзүүлж, ялаад монополь эрхтэй болсон. Хилийн цаана нэг тонн нь 572 ам.доллар байсан шатахууныг МИАТ ХК 1550 ам.доллараар худалдаж авсан…” гэх зэрэг ноцтой мэдээллүүд гаргаж байжээ.
УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд Үндэсний аудитын газрын дарга асан Ч.Раднаа “МИАТ” компанид асар өндөр үнээр шатахуун шахаж байгааг сайд, дарга нар нь мэддэг атлаа, зогсоох талаар ямар ч арга хэмжээ аваагүй нь хариуцлагын асуудлыг ч хөндөхөд хүргэж байна” гэсэн мэдэгдлийг хийж байжээ.Ч.Раднаа2008, 2009 онуудад МИАТ компанийн Худалдан авалт, хангамжийн хэлтэст ажиллаж байсан албан тушаалтнууд бүгд өөр ажил хийж байгаа“Хэлтсийн дарга нь нисгэгч болсон. Ерөнхий нягтлан нь өөр хэлтэст нягтлан хийж байгаа” гэж УИХ-ын гишүүдэд мэдээлэхэд С.Оюун гишүүн “Тэр албан тушаалтнууд чинь өндөр үнээр шатахуун авч дундаас нь мөнгө завшсан бол эрүүгийн хэрэгт шалгуулах ёстой. Хуулийн байгууллагад шалгуулж болдоггүй юм уу” гэж асуусан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Энд ямар нэг “хачирхалтай мэдээлэл” анзаарагдалгүй өнгөрсөн эсвэл дарагдаад өнгөрсөн бололтой байдаг.
МИАТ ХК-ийн нисэгчид алдагдлаа багасгахын тулд гадаадаас шатахуунаа авч, саваа дүүргээд нутагтаа буцаж ирэх аргыг хэрэглэх болсонд Ц.Анандбазар дараагийн мэхээ хэрэглэх болсон байна. Тэрээр онгоцны багийн даргад түлшээ монголоос авч байвал өгөх урамшуулал гэгч юмыг гаргажээ.
Агаарын тээврийн шатахуун нийлүүлэх тендерт дэлхийн зах зээлийн үнээс хамааралтай нийлүүлэлт хийх санал гаргасан компаниуд оролцоод,ялах магадлал үүсэж эхлэх үед Ц.Анандбазар төрийн албан тушаалтнуудтай сүлбэлдэн, тендерийг хүчингүйд тооцуулах гэх мэхийг хийхээр оролджээ. Энэ мэт жижиг сажиг мэхнүүд бол тийзний үнэд шийдвэрлэх нөлөөгүй юм. Үндсэн мэх нь л гайхалтай. Үүнийг тодорхой тайлбарлавал:
- Эхлээд тендерт хамгийн доод үнийг өгч ялна.
- Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах үедээ гэрээт үнэд өөрчлөлт орох нөхцлүүд гэх заалтуудыг оруулна. Эдгээр заалтыг оруулах тал дээр эрх бүхий хүмүүстэй урьдчилан тохиролцдог байх магадлалтайг дараа дараагийн үйлдлүүд харуулдаг.
- Шатахууны нийлүүлснийхээ дараачаас “ОХУ-д шатахууны үнэ нэмэгдчихлээ, тээврийн зардал өслөө, оросын талаас татвараа өсгөлөө гэх мэт тайлбарууд тавьж, гэрээний үнэд өөрчлөлт оруулах заалтын дагуу үнээ өсгөхөөс аргагүйд хүрлээ” гэх зэрэг мэдэгдлийг МИАТ ХК-д хүргүүлнэ.
- МИАТ ХК-ийн удирдлага үүнийг эс тоосон дүр үзүүлнэ.
- Сод Монгол ХК-иас шүүхэд зарга үүсгэнэ. Ялна.
- МИАТ ХК-ийн удирдлага шүүхээр давж заалдахыг хүсэхгүй, орхино.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн тогтоолын дагуу мөнгө нэхэмжлэнэ.
- МИАТ ХК-ийн удирдлага “баяртайгаар” мөнгийг яаран шилжүүлнэ.
2017 оны сүүлээс 2018 оны эхний хагас жилд гэхэд л МИАТ ХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу:
- 2017 оны 12 сарын 26-нд 873 316 442 төгрөг;
- 2018 оны 3 сарын 29-нд 900 000 000 төгрөг;
- 2018 оны 4 сарын 11-нд 935 666 291 төгрөг тус шилжүүлсэн байгаа нь Ц.Анандбазарын“дархан мэхийг” нотлох баримт юм.
Эндээс хийх гол дүгнэлт нь Ц.Анандбазарын дархан мэхийг төрийн өмчит компанийн ажилтнууд, төрийн хянан шалгах байгууллагын, хууль хяналтын, шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах албан тушаалтнууд шат шатандаа таслан зогсоох талаар огт оролдоогүй, эс үйлдэл хийсэн байна. Тэд тендерт ялсан үнээрээ л нийлүүлэлт хийх ёстойг шахаж шаардаагүй, гэрээг үгсэн хуйвалдах зарчмаар хийсэн, хууль бус шилжүүлгүүд хийсэн, шүүхээр шударга бусаар шийдвэрлэсэн гээд шат бүхэндээ хариуцлага хүлээх ёстой.
Бүхэл бүтэн улсын агаарын тээврийн салбар нэг хүний мэхэнд унаж, шуналыг нь дүүргэх зорилгод үйлчилж байгаа нь иргэдэд, зорчигчдод хохиролтой тусаж байгаа юм. Үүнийг өөрчлөх цаг болсон.
Монгол хүнд хямд тийз! Засгийн газар агаарын тээврийг либеральчлах, монопольчлолоос салгах амлалтаа хэрэгжүүлэхийг иргэд шаардаж байна.