Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт өчигдөр/07.17/ хүчтэй аадар бороо, мөндөр орж гамшгийн нөхцөл байдал үүсээд байна.
Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр хур тунадасны хэмжээ 89.6 мм байсан аж.
Үерийн нөхцөл байдлаас үүдэн эрчим хүч, харилцаа холбооны шугам сүлжээ, төр төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламж, ард иргэдийн сууц, байшин гэр, хашаа үерийн усанд автан нуран унажээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Одоогийн байдлаар 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 70 гаруй айл өрх, 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, усанд боогдсон 30 гаруй иргэний амь насыг аварчээ.