Японы мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн Нагоя башё өчигдөр эхэллээ. Нагоя башёг өмнөх башёгийн түрүү бөх мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд тэргүүлж байна.
Баруун жигүүрийг Их аварга Хакүхо М.Даваажаргал манлайлжээ. Япон аварга Кисеносато банцүкед нэр нь бичигдсэн боловч мөн өнжихөөр болоод байгаа аж.
Өчигдөр Башёг тэргүүлэгч Какүрюү аварга комүсүби Шохозантай барилдан цүкидаши мэхээр давлаа. Өнөөдөр тэрбээр Котошёогикүтэй барилдана.
Мөн 1000 дахь даваагаа авахаар төлөвлөж буй Хакүхо аварга 984 дэх даваагаа нутаг нэгт Тамавашигаар авсан. Тамаваши Хакүхог барьцаар давамгайлсан ч талбайн захад бярдуулан өвдөг шороодлоо. Их аварга Хакүхо өнөөдөр Шодайтай барилдах аж. Харин Тамаваши озеки Гойёдотой барилдана.
Нагоя башёд озеки цолтойгоор барилдаж буй Точиношин өчигдөр Икиойгоор эхний даваагаа авсан бол цолоо хамгаалж буй Гойёдо Шодайд унасан байна. Харин озеки Такаясу Котошёогикүгээр эхний даваагаа авчээ.
Сэкивакэ Ичиножо А.Ичинноров Чиёнокунитай барилдсан ч хурд дутан дэвжээнээс гарчихав. Ичиножо өнөөдөр Абитай оноолт таарчээ. Маэгашира цолтой барилдаж буй Чиёошома, Араваши нар эхний өдөр унасан бөгөөд өнөөдр эхний даваагаа авахын төлөө барилдана.