Эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж яваа дуурийн дуулаачдын нэг Ч.Бадрал юм. Италийн алдарт “CHIGIANA” академаас зохион байгуулдаг олон улсын тэмцээнээс манай улсын ЦДБЭЧуулгын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадрал тэргүүн байр эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийд дахин дуурсгажээ.
Тодруулбал уг уралдаанд нийт 1870 дуучин оролцож, финалын шатанд зургаан дуучин ур чадвараараа шалгарч үлдсэн байна. Үүнээс хоёр байр шалгаруулсан бөгөөд тэргүүн байрын “Golden star-2018” шагналыг МУСТА Ч.Бадрал хүртжээ. Тэрбээр “Монгол хүний заяа, зам хоёр урт гэдэг дээ. Та бүхэн сайхан наадаарай” хэмээсэн байна.
Уг уралдаан нь зургаан сарын турш явагдсан аж.
Ч.Бадрал өмнө нь дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновойн нэрэмжит олон улсын дуурын дуулаачын 60 гаруй орны дуучин ур чадвараа сорьсон тэмцээнд тэргүүн байр эзэлж байв. Мөн нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит Олон улсын Дуурийн дуулаачдын уралдаанд дэлхийн 10 гаруй орны 100 гаруй мэргэжлийн дуучдыг магнайлж байсан удаатай.
ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, ахлагч Ч.Бадрал ОХУ-ын Тверь хотноо зохион байгуулагдсан Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гран при, ОХУ-ын Ардын жүжигчин Надежда Обуховагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Тольятти хотноо зохиогдсон Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гран при, ОХУ-ын Ардын жүжигчин алдарт дуучин Наталий Шпиллерийн нэрэмжит Анхдугаар уралдааны Гран при, Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн дуурийн дуучдын манлай Елена Образцовагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын Олон улсын X уралдааны дэд байрт шалгарсан амжилтуудыг үзүүлээд байна.
Түүний энэхүү гавьяаг төр засгаас үнэлж, Засгийн газрын хуралдаанаар 24 сая төгрөгөөр шагнан урамшуулсан.