УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-т мэдүүлэг өгөөд гарч ирсэн даруйдаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын 40 гаруй гишүүн снааачлага гаргаж тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцтай холбоотой ирсэн 10 гаруй өргөдлийн талаар иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг УИХ-д зохион байгуулсан. Тэр өргөдөл С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Содномдаржаа, Чимэгээ нарын гэр бүлийнхнээс ирсэн. Мөн Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх үйл ажиллагаанд Б.Хурц оролцсон гэдгээ телевизээр мэдэгдсэн. Үүнтэй холбоотой өргөдөл гомдол иргэдээс ирсэн. Тагнуулын газрын ажилтан Цогтбаатар гэдэг хүний гэр бүлээс Тагнуулын газрын дарга Б.Хурц дарамталдаг тухай гомдол ирсэн. Гэтэл өнөөдөр АТГ-ын мөрдөн байцаагч Дамдинсүрэн Б.Хурцтай холбоотой, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг ярьж байгаа УИХ-ын гишүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэх асуудлыг ярьж эхэлж байна. Өнөөдөр надаас Б.Хурцын гомдлын дагуу гэрчийн мэдүүлэг авч, Төрийн ордонд иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсныг буруутгаж байна” гэв.
Мөн “Нийтийн сонсгол хийж байгаа гишүүдэд өнөөдрөөс Эрүүгийн хэрэг үүсгэхээр АТГ, прокурор ажиллах юм байна. Би өнөөдөр АТГ-т гэрчийн мэдүүлэг өглөө. Өчигдөр /2018.04.24/ 17.00 цагт З.Болд гишүүнийг дуудаж мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт”, С.Зориг агсантай холбоотой асуудлыг яривал Эрүүгийн хэрэг үүсгэнэ шүү гэж сануулж байгаа юм байна гэж би ойлголоо. Ард түмнээс сонгосон гишүүдийг айлган сүрдүүлэх ажиллагаагаа АТГ эхлүүллээ. Төрд шургалсан мафийн бүлгийн өмнө УИХ-ын гишүүд сөгдөж болохгүй. Эцсээ хүртэл тэмцэнэ. Би нийтийн сонсголоо хийнэ. Надад айх юм байхгүй” гэлээ.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг заналхийлсэн асуудлаар “Б.Хурц Төрийн ордонд орж ирээд намайг ална гэж заналхийлсэн. Одоохондоо алчихаагүй л бйана. Энэ хэргийг шалгаж өгөөч гэж прокурорт хүсэлт гаргасан ч одоо хүртэл шалгаж өгөөгүй. Монгол Улсын прокурор Б.Хурцын талд буюу мафийн талд ажиллаж байгаа гэдгийг би хэлье. “АТГ-т Б.Хурцын цэргүүд, гар хөл сууж байна. Өнөөдөр хүртэл надад Б.Хурц даргын гомдлын дагуу таныг шалгана гэнэ. Дарга нь захиалга өгөөд шалгуулдаг юм байна. Гэхдээ Монголд хууль гэж юм бий. Б.Хурц, Ц.Элбэгдорж гэдэг хүмүүс өнөөдөр хууль хяналтын байгууллагыг гартаа оруулчихаад мафийн шинжтэй тогтолцоог бий болгочихоод дуртай хүнээ хэлмэгдүүлж, шорон гяндангаар айлгаж байна. Би үүнийг эсэргүүцэж байгаа” гэв.