УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газар өмчлөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Газар өмчлөлийн асуудлаар иргэдэд таниулах, ойлгуулах ажил туйлын хангалтгүй ирсэн. Өнгөрсөн хугацаанд газар өмчилсөн иргэд 10 гаруй хувьтай байна. Газар өмчлөлтэй холбоотой хүнд суртал, авлига, хээл хахуулийн асуудал ч байна. Үүнд төрөөс тавих хяналтыг чангаруулах шаардлагатай. Хариуцаж байгаа төрийн байгууллагууд хүнд суртлаа болимоор байна.
БХБ-ын сайд Х.Баделхан:
-Улсын хэмжээнд газар өмчлөлийг харах нэгдсэн системийг нэвтрүүлсэн. Газрын тухай, Газар чөлөөлөх тухай, Кадастрын тухай хуулийг өргөн барихаар судалгаа хийгдэж байгаа. Хүнд суртлыг арилгана гэж үзэж байгаа.
Гурван удаа хуулийн хугацааг сунгасан. Өнөөдрийн байдлаар хүн амын 18.3, өрхийн 68.5 хувь нь газраа өмчилж авсан байгаа. Газар өмчлөх нь сайн дурын хэрэг. Түүнээс бус газраа өмчилж ав гэж тулгахгүй. Газрын хуулийн талаар тандалт хийж үзсэн.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Газар өмчлөл яагаад удаан явагдаад байна вэ? Газар байхгүй байна уу, хүнд суртал их байна уу. Нэг хашаанд 3-5 айл байгаа. Газрын эзэмшлийн асуудал нэг өөр, эзэмшиж байгаа газраа улсын бүртгэлд бүртгүүлээд капитал болгох асуудал бодитой үр дүнд хүрэхгүй байна. 15 жилээр газар эзэмшиж болох гэрчилгээг 5 жилээр бичиж өгөөд байна. Тэнд чинь л авлига хээл хахууль байна. Газар өмчлөлийн тухай хууль, Газрын тухай хууль чинь хоорондоо зөрчилдөөд байна. Иргэд аж ахуйн нэгжүүд газраа үнэлгээ хийлгэх боломжгүй болчихоод байгаа юм. Давхардсан олон бүртгэл хийх хэрэггүй.
БХБ-ын сайд Х.Баделхан:
-Газар эзэмшлийг эргэлтэд оруулах асуудлаар бид ярьж байгаа. Үнэтэй холбоотой асуудал байна. Өнөөдөр 1990 оны тогтоосон ханшаар явж байна. Үнийг нь шинэчилвэл газар зохих хэмжээгээр эргэлтэд орно.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Монгол Улсын иргэд аялал жуулчлалын бүсэд газар авах эрх нь нээгддэг байх ёстой. Газрын хууль хэрэгжихээргүй хууль. 0.07 га газарт тариа тарьж, мал маллаж болохгүй. Дэд бүтэцгүй, цахилгаангүй газрыг өмчлүүлэхээр өгдөг. Газрын хууль амьдралд хэрэгжихгүй хуурай хууль. Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дугуйгаар нүхэлсэн. Мал бэлчиж болохгүй байна. Сүхбаатарын талбайн ойр орчмын газрын үнэлгээ, 22-ын товчооны газрын үнэлгээтэй адил байна. Газрын хуулийг бодлгоо өөрчлөөч ээ.
Үүнд “Бид энэ хуулийн төслийг боловсруулахдаа таны хэлсэнтэй адил боловсруулсан. Цахилгаан эрчим хүч, дэд бүтэц байхгүй газарт өмчилсөн нэр зүүж оруулж байна. Иргэн хүн тодорхой хугацаанд шаардагдахгүй газраа өмчилж авах хэрэгтэй гээд хугацаагүй болгох санал оруулсан. ХЗДХЯ хугацаатай байх ёстой гэж үзсэн учир 10 жилийн хугацаа зааж байна. Газрын үнэлгээний ялгамжгүй байдлыг өөрчлөх асуудал удахгүй хийгдэнэ” гэж албаны хүмүүс хариуллаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.