Хэдэн жилийн турш ярьсан “Авто худалдааны цогцолбор” нээгдээд гурван жилийн “нүүр” үзэж байна. Гэтэл машины ченжүүд хийгээд авто худалдааны захууд тийшээ нүүхгүй гэж “гэдийгээд” “Да хүрээ”, “Өгөөмөр”, вокзалын арын “Мянган машины зогсоол” өөр бусад зах нь өнөөдөр ажилласаар л байна. Ченжүүд автомашинаа аваад хотын захаас зайдуухан орших 22-ын товчоо орчимд төвхнөсөн бол хотын түгжрэл багасахыг мэргэжилтнүүд тайлбарлаж байсан. Даанч тэднийг учирлан гуйж, албадан нүүлгэнэ гэж шүүх цагдаагаар сүрдүүлсэн ч үнэндээ дийлдээгүй хотдоо, үлдсэн. Тэдэнд хэн ч, юу ч гэж хэлээд тусыг эс олсон тул албаныхан тэгс гээд орхисон.
Одоо харин хөрсний бохирдол, автомашины түгжрэл үүсэхэд хамгийн их нөлөө үзүүлж буй 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэх саналыг НИТХ-аас гарган, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Зуун айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийг хотоос гаргах зайлшгүй шаардлага бий эсэхэд холбогдох албаныхан болоод бизнес эрхлэгчдийн байр суурийг сонслоо.
С.Даваасүрэн: Чулуу боловсруулах үйлдвэр суурьшлын бүсээс 50 метрын зайд байх ёстой
/Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга/
-Зуун айл орчмын хөрсний бохирдол лабораторийн шинжилгээгээр нотлогдсон. Зуун айл орчимд дээврийн төмөр хэвлэх, чулуу боловсруулах үйлдвэр ажилдаг учраас дуу чимээ ихээс гадна, тоосжилт ихтэй, авто замын зурвас газарт үзэгдэх орчныг хааж замын хажуугаар ил задгай худалдаа, үйлчилгээ явуулдаг. Иргэдээс үүнтэй холбоотой гомдол ихээр ирдэг. Авто зам дагуу нийтдээ 146 газар байна. Үүнээс худалдаа үйлчилгээний зориулалттай 70, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 63 газар байна. Тэгэхээр 146 газрын тал хувь нь барилгын материалын худалдаа эрхлэх зориулалтгүй газар худалдаа эрхлээд байна.Үүнээс болоод хэт төвлөрөл үүссэн. Улмаар замын түгжрэл, орчны бохирдол үүсээд байна. Чулуу боловсруулах үйлдвэр суурьшлын бүсээс 50 метрын зайд байх ёстой. Гэтэл хажууд нь айл байхад дэргэд нь чулуу боловсруулах үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн долоо хоногт мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллахад 32-ын тойргоос 100 айл хүртэлх зам дагуу долоон үйлдвэр ажиллаж байна гэсэн. Тухайн долоон үйлдвэрт үйл ажиллагаагаа зогсоож, чиглэлээ өөрчил гэдэг шаардлага хүргүүлсэн.
Х.Болормаа: 100 айл орчимд хулгай дээрэм хэрээс хэтэрсэн
/Сүхбаатар дүүргийн Засаг дарга/
-Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороонд барилгын материалын бизнес эрхэлж буй ард иргэдийн 90 орчим хувь нь бусад дүүргийн хүмүүс байна. Монгол улсын иргэн хаана ч бизнес эрхлэх эрхтэй. Энэ асуудал биш. Хамгийн гол нь 100 айл орчимд явагдаж байгаа ил задгай, замбараагүй явагдаж байгаа худалдаа, хөрсний бохирдол, хулгай дээрэм хэрээс хэтэрсэн. Цагдаагийн хоёр дугаар хэлтэст бүртгэгдэж байгаа хамгийн их хулгай, дээрэм 10,11,12 дугаар хороонд л гарч байна. Машины хулгай маш их байна. Энэ мэтчилэн ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж алдагдчихаад байгаа юм. Маш их хэмжээний хог хаягдлын цэг үүссэн. Энэ бүгдэд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь 100 айлын эмх замбараагүй худалдаа үйлчилгээ юм.
Л.Лхамсүрэн: Ил задгай бизнес эрхлэгчдийг цэгцэлж, лангуу түрээслэгчдийг дэмжих нь зөв
“Ихэр сутай” ХХК-ийн ерөнхий захирал
-100 айлыг нүүлгэнэ гэдэг цуу яриа 2-3 жилийн өмнөөс сонсогдох болсон. Бид үйл ажиллагаа явуулж байгаа 100 айлын орчныг сайжруулах үүднээс дөрвөн жилийн өмнөөс “Заг” ХХК-тай нийлэн Сэлбэ голын баруун зүүн далангийн асуудлыг дөрвөн машин зөрж багтахуйц болгож өөрсдийн хөрөнгөөр асар их ажил хийсэн. Инженерийн шугам сүлжээг шинэчилж 258 шугам хоолой шинээр тавьсан. Өндөр хүчдэл, цэвэр бохир шугамын хоолойг шинэчилж, 33 дэлгүүрийн дулаан, цэвэр бохирын асуудлыг шийдсэн. Бид ажиллаж, амьдрахын төлөө энэ бүгдийг хийсэн. Гэтэл лангуу түрээслэдэг биднээс илүү гадаа зөвшөөрөлгүй гар дээрээс наймаа эрхлэгчид илүү ашиг олдог болчихсон. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Гадна талд наймаа хийж байгаа хүмүүсийг зохицуулаад дотор лангуу түрээслэдэг хүмүүсээ дэмжээд явах цаг болсон. Мөн машины хөдөлгөөн болоод зогсоолын асуудал байна. “Заг” компани нэлээд том автомашины талбайтай. Гурван жилийн өмнө бид худалдаа эрхэлдэг хүмүүсийн 1000 орчим автомашиныг тэр компанийн хашаанд байрлуулдаг байсан. Энэ ажлыг сэргээвэл гадна талбайд машинаа тавьж буй худалдагчид өөрсдийн машинаа тэнд тавиад худалдан авагчдын машиныг зогсоолд байрлуулбал нэлээдгүй зай талбай хэмнэнэ. Зуун айл ресторан байхгүй гэх юм. Бид хоол ундныхаа юмыг зохицуулахгүй ажил хийх тэнэг хүмүүс биш. Барилгын материалын худалдаачид эрдэм, номтой боловсролтой хүмүүс байдаг. Бид ил задгай худалдаа хийж байгаа иргэдийг цэгцлэх ажлыг дэмжиж байгаа.
Ч.Гантулга: Бид хүчээр хэн нэгний лангууг хаахгүй
/НИТХ-ын төлөөлөгч/
Сүхбаатар дүүрэг, 100 айл орчимд дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй нийт 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Зөвшөөрөлгүйгээр элс, хайрганы худалдаа эрхэлдэг 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн хүнд даацын 70 гаруй машин, механизм ажиллуулдаг аж. Мөн мод, чулуу, халага, цонхны үйлдвэр 403, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр худалдаа хийж байгаа 320 орчим цэг, худалдааны төв доторх жижиг лангуу, павилион зэрэг 1309 цэг байдаг байна. Эдгээр барилгын материалын зах, үйлдвэр, үйлчилгээний төвүүд нь эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, эрүүл ахуйн стандартыг хангаагүй тул үйл ажиллагааг цэгцлэх, гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлсэн. Энэ талаар 100 айлыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаас тодрууллаа.
-100 айл орчимд худалдаа наймаа эрхлэгчдийг бүгдийг нь хотоос гаргаж Налайх дүүрэгт нүүлгэн шилжүүлнэ гэдэг зүйлийг анх ярьж байсан. Гэтэл зөвхөн жижиг бизнес эрхлэгчдийг нүүлгэнэ гэв үү?
-Нүүлгэнэ гэдэгт хүмүүс эмзэглэж байна. 100 айл орчмын орчныг сайжруулахын тулд ажлын хэсэг сар гаруйн хугацаанд ажиллаад гурван үе шаттай ажил явуулахаар төлөвлөөд байна. Нэгдүгээрт ил задгай худалдаа эрхлэгчдийг цэгцэлнэ. Дэд бүтцийг сайжруулж, явган зам, гэрэлтүүлэг, орчны тохижилтыг энэ зун хийнэ. Хоёрдугаарт дахин төлөвлөлтөөр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа стандарт хангахгүй байгаа худалдаа үйлчилгээний төвүүдийг шинэчилж, том цогцолбор худалдааны төв болгох, жижиг дэлгүүрүүдийг барилгажуулах, орон сууцжуулах ажлыг эхлүүлэх юм. Гуравдугаарт СБД-ийн 11,12 дугаар хороодод газар чөлөөлөлтийн ажил хийгдэх ёстой. Үйл ажиллагаа явуулж байгаа газруудтай ойлголцож нийслэлээс батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцжуулах ажлыг хийнэ.
-Зөвхөн жижиг бизнес эрхлэгчдийг нүүлгээд, том худалдааны төв, дэлгүүрийг нүүлгэхгүй гэхээр монополь байдал бий болох юм биш үү? Бүгдийг нь нүүлгэх боломж байгаа юу?
-“Жоби”, “Одкон” зэрэг томоохон дэлгүүр нэгэнт барилгаа бариад, хөрөнгөө оруулчихсан тул бизнесээ эрхлээд л явж байна. Гэхдээ барилгын материал худалдах шинэ стандартын дагуу ажиллах хэрэгтэй. Ил задгай худалдаа эрхлэгчдийн зарим нь дотроо ч лангуутай байдаг. Гадаа худалдаалж байгаа нь худалдан авагчид ойртох зорилгоор бараа материалаа гаргаад тавьчихдаг гэж байгаа юм. Дэд бүтцээ сайжруулаад, тохижуулчихвал бидэнд ил задгай зарах шаардлагагүй гэдэг зүйлийг хэлж байна.
-Ил задгай, жижиг худалдаа эрхлэгчдийг нүүлгэснээр автомашины түгжрэл, хөрсний бохирдол багасах уу?
-Мод, чулуу, шилэн хөвөн зэрэг барилгын материалыг ил задгай зарж байна. Эдгээрийг нийслэлийн нэгдүгээр бүсэд зарж, борлуулж байгаа нь хууль болон стандарт зэргийг зөрчиж байгаа юм. Холбогдох албаны хүмүүс тухайн талбайд ил задгай худалдаа эрхлэх зөвшөөрлийг олгоогүй гэдгийг хэлж байна. Тэгэхээр зөвшөөрөлтэй ил задгай зарж байгаа хүн нэг ч байхгүй гэсэн үг.
-Жижиг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэзээнээс зогсоох вэ?
-Саналаа гаргасан. НИТХ дэмжсэн. Засаг даргад ажлаа танилцуулна. Ойрын хугацаанд зогсооно.
-Нүүхгүй гэх бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарвал яах вэ?
-Бид хүчээр хэн нэгний лангууг хаахгүй, зөвшилцөнө. Үнэхээр үйл ажиллагаа нь хуулийн заалт зэргийг зөрчиж байгааг нь болиулна.
-Мөн химийн хортой үйлдвэрлэл эрхлэдэг аж ахуй нэгжийг нүүлгэнэ гэсэн. Хичнээн байгууллага бий вэ?
-Үйлдвэрүүдийг цэгцлээд эхэлчихсэн. Суурьшлын бүсээс 50 метрээс дотор байгаа үйлдвэрүүдийг хаагаад эхэлчихсэн. 100 айл орчимд 400 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байснаас өнөөдөр ил задгай стандартын бусаар үйл ажиллагаа явуулж байгаа долоон үйлдвэрт шаардлага тавьж ажиллаж байна. Ажлын хэсгийн хүрээнд бизнес эрхлэгчидтэй санаа бодлоо солилцон хамтран ажилласны үндсэн дээр Иргэний бүртгэл мэдээллийн төвийг дүүргүүдэд шилжүүлсэн. Тиймээс үйлдвэрүүд маань бидний санааг дэмжээд зориулалтын газарт ажил явуулахаар үйл ажиллагаагаа зогсоож байна. Орлогогүй болж байгаан биш стандартын газарт очиж ажилаа явуулах юм.
-Үйлдвэрүүдийг хотоос гаргах зайлшгүй шаардлага нь юу юм бол?
-100 айл орчимд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг хоёр сургууль нэг цэцэглэг, төрийн үйлчилгээ үзүүлдэг таван эрүүл мэндийн байгууллага байна. Гэтэл хажууханд нь химийн хортой бодис хэрэглэж, дээврийн төмөр, чулууны үйлдвэрлэл явагдаж байгаа нь нийгэмд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл юм. Мөн суурьшлын бүсээс 50 метрийн дотор аливаа үйлдвэрлэл эрхлэх боломжгүй. Ялангуяа 100 айл буюу Сүхбаатарын талбайгаас километрийн зай ч хүрэхгүй газар дээврийн төмөр, чулуу боловсруулах үйлдвэрлэл явуулж буй нь агаар болон хөрсөнд маш их бохирдол үүсгэж байдаг. Тиймээс үйлдвэрлэл үйлчилгээний төв болох газрууд бий. Тэнд очиж үйл ажиллагаагаа явуулъя гэсэн.
-Хууль зөрчсөн, асуудал хэтэрсэн зүйлээс дурьдаач?
-Бизнес эрхлэгчид өөрсдөө хэлж байна. Ариун цэвэр, 00-ын асуудал огт шийдэгдээгүй. Томоохон хоёр, гурван дэлгүүр нь л ариун цэврийн өрөөтэй гэнэ. Гэтэл 100 айлд жижиг, том нийлсэн 240 гаруй объект бий. Үүний 90 гаруй нь төвийн дэд бүтцэд холбогдоогүй болохоор хашааны ил задгай 00 хэрэглэдэг байгаа юм. Мөн хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Төвлөрсөн хогийн цэг байхгүй. Шилэн хөвөн ил задгай зарагдаж л байдаг. Энэ нь агаарт хөөрч, иргэдийн амьдрах орчин доройтож байна. Галын хортой аж ахуй нэгж, иргэн бараг л алга. Гал гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ. Галын машин орох боломжгүй болтол шахаад барьчихсан хүмүүс хүлээх үү гэдэг асуудал байна. Тиймээс цэгцлэх үүрэгтэй л болж байгаа юм. Гэхдээ бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хааж боохгүй, харилцан ярилцаж зөвшилцөлд хүрэхийг зорьж байна.
-Налайхын аж үйлдвэрийн паркад нүүгээд очиход бэлэн болоогүй, зөвхөн сул газар л байгаа биз дээ?
-Налайх руу нүүлгэх болоогүй. Ажлын хэсэг Налайхад ажиллаад энэ жил Налайх руу үйлдвэрүүдийг нүүлгэх боломж байхгүйн байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.
-Тэгвэл дээврийн төмрийн үйлдвэр нүүлээ гэхэд өнөөдөр хаана очих боломжтой вэ?
-Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргийн удирдлагуудтай бид дахиж уулзана. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтын газар нь хаана юм, 100 айлаас очих үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнес эрхлэгчдэд ямар боломж олгох вэ гэдгийг ярилцана. Тухайлбал татварын хөнгөлөлтүүдийг үзүүлж болно. Энэ бүгдийг ажлын хэсгээс боловсруулаад гарсан санаа, саналуудаа шийдвэр болгохын төлөө л ажиллах зорилготой байна.
-Бизнес эрхлэгчид шийдвэр хүлээгээд бараа материалаа татаж чадахгүй байгаа гэдэг гомдлыг хэлж байна?
-Зуун айл орчмын хашаа, байшинд 2-3 чингэлэг тавиад түрээсэлж байна. Агуулахаа хүртэл бүгдийг нь 100 айлд байлгаж байна. Тэгэхээр агуулахын нэгдсэн системийг бий болгох шаардлага бий. Тухайлбал Налайхад аж үйлдвэрийн парк байгуулаад үйлдвэрлэлийг тэнд бий болговол урдаас орж ирж байгаа түүхий эдүүд нь үйлдвэрийнхээ хажууд байрлах ёстой. Ийм шаардлагыг бид тавьж ажиллана.
-Анх 100 айлын бизнес эрхлэгчдийг бүгдийг нь нүүлгэнэ гэсэн. Өнөөдөр харин нүүлгэхгүй гэх юм? Яг ямар шийдэлд хүрсэн юм бэ?
-Нүүлгэнэ гээд лангуу хаагаад хотоо зайдуу гаргах ажил биш юм. Нүүлгэхийн тулд судалдааны ажил хийнэ гэдэг ажлын хэсгийн нэр. Бид зөвхөн нүүлгэх асуудал яриагүй. Барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркыг Налайхад бий болгоно гэж олон жил ярьж байна. Барилгын материалын түүхий эд бүгд БНХАУ-аас авто болон төмөр замын тээврээр орж ирж байгаа. Тиймээс Улаанбаатар руу зөөх биш, үйлдвэрүүдээ Налайхад төвлөрүүлнэ гэж ярьж байна. Шууд Налайх руу нүүлгэнэ гэж ойлгох хэрэггүй.