Монголын алдартай бөх, сайхан эр хүнтэй олон жил ойр дотно байж билээ. Ямар бөх байсныг нь бичээд яах вэ дээ. Бүгд л мэдэх юм чинь. Харин ямар энгийн сайхан хүн байсан талаар нь хэдэн өгүүлбэр бичье гэж бодлоо.
Мөөеө аварга, Тамир эгч хоёр манай аав, ээж, эгчийг сайн таньдаг, бас тэгээд манайхан 40 мянгатад ойрхон амьдардаг байсан учраас аварга бид хоёр нилээд ойр байсан юм.
Мөөеө аварга Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутат байлаа. Би тэр үед Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга байсан учраас мань хүн Засгийн газрын ордонд орж ирэхдээ миний өрөөгөөр шагайна. Тэгэхээр нь яаж зүгээр байхав, ордны гуанзны тогооч начин “Дүүгүүр” Болдбаатарт аварга ирлээ гэхээр мань хүн “ганц юм” даруулгатай аваад ороод ирнэ. Тэр үед ер нь юм юм ховор байсан учраас цааш үргэлжлүүлнэ гэж байхгүй л дээ.
Дараагаар нь намайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байхад хаа нэг Төрийн ордноор орж ирэхдээ хүмүүсийн, гол төлөв бөхчүүдийнхээ ажлыг хөөцөлдөөд дарга нартай уулзаад явж байна гэдэгсэн. Над дээр бас үе үе тусгайлан орж ирнээ. Дамдин аваргыг нас барсны дараахан орж ирээд талийгаач баатрынхаа тэмдгээ алдчихсан юм аа. Оршуулгын ажлын үеэр тэмдэг хэрэг болоод байна яах вэ гэхээр нь тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан Батхишигтэй ярьж асуудлыг шийдсэн юмдаг (хоёр аварга тун дотно байв. Сонгины амралтанд бөхчүүдтэй наадмын цугларалтанд гарахдаа барилдахаа больсон Дамдин аваргыг заавал хамт авч гардаг байж билээ. Нэг ёсондоо хэдэн хоног хоол сайтай газар салхинд гаргаж амраахын зэрэгцээ залуу бөхчүүдтэй хамт байлгаж хийморийг нь сэргээж байгаа хэрэг л дээ. Бас залуу бөхчүүдэд ч юм заалгаж байгаа хэрэг).
Нэгэн удаа наадмын дараахан ажил дээр орж ирээд: Хангай, ах нь наадмаар Хүй долоон худагийн урд тарвагачилж яваад баатрын тэмдгээ гээчихлээ. Одоо яах вэ гэв. Тэгэхээр нь бас л Ерөнхийлөгчийн Тамгын газрынхантай ярьж байж тэмдгийг нь нөхөн олгуулж билээ. Тэмдгийг нөхөн олгохоос өмнө нь Мөөеө аварга, Даваажаргал (одоо бүгд л Хакүхо гэх болж) бид гурав тэмдэг хаясан гэх Хүй долоон худгийн урдах антеннтай уулын араар ганц нэг тарвага эргүүлэнгээ юмыг яаж мэдэхэв гэж бүтэн өдөр эргэлдсэн юмдаг. Тэмдгээ мань хүн өөрийн дотны найз Дүгэрсүрэнтэй хамт тарвагачилж яваад хаячихсан юм билээ.
Мөөеө аварга тарваганд үнэхээрийн дуртай. 90-ээд онд машинтай хүн цөөхөн байсан болохоор тэр биз, мань хүн намайг үе үе уруу татна. Сонгины амралтанд наадмын бэлтгэлд гарахаараа амралтын жижүүрийн утсаар ажлаа тараад хүрээд ир гэнэ. Очихоор Даваажаргалыг нөгөө юмаа ав гэнэ. Нөгөө юм гэдэг нь шуудайнд хийсэн орос калибр буу, паяльник, цаасан ууттай давс, 2-3 сонгино, хэдэн ширхэг түлээний мод. Ингээд л Туул голын хойно гарч оройхон ганц нэг тарвага унаган боодгоо хийнэ дээ. Зөвхөн давс, сонгино л хийдэг хэрнээ их амттай болдогсон. Боодог хийхдээ улайссан чулууг эрхий хуруугаа шүлсдэж байгаад л туламны амсар руу чихнэ.
Наадмын дараагаар болохоор Богд ууланд тарвагачилна. Жаргалантын амны байгаль хамгаалагч тэтгэвэртээ гарсан нисэгч Ванчиндорж (хөөрхий бас бурхан болсон гэсэн) Мөөеө аваргад үгүй гэж хэлж чадахгүй л дээ. Автын дарга байсан хурандаа Ринчиндорж, “МТ” компанийн захирал Ганзориг, боксын гавьяат Энхбат нар бас нийлнэ.
Заримдаа Мөөеө аварга бид хамтдаа хөдөө явна. Хөдөөний айлд орохоор их аварга ирлээ гээд билэгшээж хоол хийж юм гаргаж мань хүнээр бөхийн тухай яриулна. Миний хувьд мань хүний яриаг олон удаа сонссон, нөгөө талаар нэгэнт эхэлсэн яриа сунжирч оройтож харих болдог тул би Тамир эгчээс жаахан эмээнэ. Ер нь аваргатай хөдөө явахад хоол бол асуудалгүй байдагсан.
Цагаан сарын барилдаан Спортын төв ордонд болдог байхад бид хоёр тэр үед хамт үзнэ. Заримдаа Мөөеө аварга Даваажаргалыг, би Алтай хүүгээ дагуулна.Тэр хоёр барилдаан үзсэн ч юм байхгүй бөхчүүдийн хүүхдүүдтэй ноцолдсоор оройг өнгөрөөдөг байж билээ. Бөхийн барилдаан тараад миний машинаар (миний ч гэж юу байхав, би тэр үед машинтай дарга маягтай байж) хүргүүлэн манайхаар орж ээжтэй мэндэлж битүүлэг амсаад гэр рүүгээ яаран явдагсан.
Энэ мэт Мөөеө аваргынхаа талаар дурсан бичих юм бас байнаа.
Мөөеө аварга маань гүндүүгүй, хүмүүсийг хөгшин залуу, дарга цэрэг гэж голдоггүй, нийтэч, хүнд тусархуу, бас наргианч зантай сайхан эр хүн байж дээ.