рөнхий сайд асан С.Баярыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа өмгөөлөгч нь мэдэгдэв. Шүүхийн шийдвэрийн талаар өмгөөлөгч А.Ариунаагаас тодрууллаа.
-Ерөнхий сайд асан С.Баярыг ямар үндэслэлээр баривчилсан вэ?
-С.Баярыг шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилсан. Гэмт хэргийн ул мөр, нотлох баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгаж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан. Энэ үндэслэлийг зөвшөөрөхгүй, шүүхэд гомдол гаргасан.
-Үндэслэлийг та хэрхэн харж байгаа вэ?
-Шүүхээс зөвшөөрөлгүй баривчилсан үндэслэл нь буруу. Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх материал ЗГХЭГ-ын архив, УИХ-ын архив, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн архивт байсаар байтал яагаад С.Баяр үүнийг зөөвөрлөх, устгах, үрэгдүүлэх боломжгүй.
-Шүүх хуралд С.Баяр цахимаар оролцсон. Ямар байр суурь илэрхийлсэн вэ?
-Нэг сарын хугацаатай хоригдох нь надад сонин биш. Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хоёр Ерөнхий сайдыг хорьж байгаа нь Монголын нэр хүнд дэлхий дахинд буурах, Оюутолгойн хувьцаа унах нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Тиймээс энэ талыг нь харж үзэх саналыг шүүгчид тавьсан.
-Хорих хугацааг яагаад сунгав? Үндэслэлийн талаар мэдээлэл өгөөч.
-Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хуульзүйн үндэслэлгүй. Цагдан хорих болсон үндэслэл нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа гээд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
-Энэ үндэслэлдээ прокурор ямар тайлбар өгсөн бэ?
-Би тайлбар шаардсан. Мөрдөн шалгах ажиллагааны нууц учраас прокурор тайлбарлахгүй байж болно. Би яг ямар төрлийн гэмт хэрэг үйлдэх гээд байгаад мэдээлэл хүссэн. Үүнд хариу өгсөнгүй.