Монгол улсын хамгийн анхны Олон улсын баталгаажуулалтын байгууллагын гэрчилгээтэй “МонСертф” ХХК-ний Ерөнхий захирал тэргүүлэгч Аудитор Г.Билгүүнээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах санал тавьсан байна.
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба инновацийг 100 хувь дэмждэг, Менежментийн тогтолцооны стандартуудын ач холбогдлыг ойлгодог тул тэдний үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд тус газраас зохион байгуулсан чанарын менежментийн тогтолцооны талаарх сургалтад оролцож өөрийн санал бодлоо хуваалцлаа.
Олон Улсын стандартын байгууллагаас бүтээгдэхүүн, үйлчилгээ болон менежментийн тогтолцоонд тодорхой шалгуур үзүүлэлтийг тогтоодог. Энэ нь дэлхийн бүх улс оронд мөрдөх Олон Улсын ISO стандарт юм. ISO стандартууд нь бизнес эрхлэгчдэд илүү бүтээмжтэй, үр дүнтэй менежментийн тогтолцоог бий болгоход тусалдаг байна.
Тус компани нь энэ оны 3-р сарын 15 –нд Олон Улсын Итгэмжлэлийн байгууллагын жинхэнэ гишүүн Казахстан улсын итгэмжлэлийн Үндэсний төвөөс Олон улсын баталгаажуулалтын байгууллагын гэрчилгээгээ гардан авч, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжүүд Олон улсын баталгаажуулалтын гэрчилгээг олгох эрхтэй болсон байна. Ингэснээр Монгол улсын аж ахуйн нэгжүүд дэлхийн 171 оронд хүлээн зөвшөөрөгдөж, экспорт хийх, гадны зах зээлээс хөрөнгө оруулалт татахад илүү нээлттэй болох боломжийг олгож байгаагаас гадна тус гэрчилгээ авахад зарцуулагдах бүхий л хөрөнгө Монголдоо үлдэж, гадагшаа урсах валютын урсгалыг бууруулах боломжтой зэрэг олон давуу талыг Үндэсний Олон улсын баталгаажуулалтын байгууллага “МонСертф” ХХК олгодог юм байна.