АТГ-аас ээлжит баривчилгаагаа өчигдөр орой хийж, Ерөнхий сайд асануудыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатууллаа. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээг тойрсон олон асуудлаар саатуулан шалгах нь зүйтэй гэж хууль хяналтынхан үзсэн бололтой.
Оюутолгойн гэрээ олон хүнтэй холбоотой. Тэр бүхнийг үргэлжлүүлэн шалгах эсэхэд АТГ хариу өгнө. Ямартай ч одоогоор тухайн үед эрх мэдлийг атгаж байсан эрхмүүдийг “аав”-ынд аваачиж хийлээ.
Тус гэрээтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг цагдан хориод буй. Тэднийг Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгаж буй юм.
Тэдний араас хоёр Ерөнхий сайд явлаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-тэй холбоотой хэрэгт холбогдуулан байцаалт авахаа АТГ-аас мэдээлээд байсан. Харин Ерөнхий сайд асан С.Баярыг мөн л Оюутолгойн гэрээтэй холбон, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан байж болзошгүй үндэслэлийг шалгаж байна. Мөн түүнээс “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт буруутгаж буй Ш.Батхүүтэй холбоотой асуудлаар байцаалт авсан байдаг. Дээр нь оффшор дансны асуудал нэмэгдэж буй нь тодорхой.
Харин тэд “буруугүйгээ”, айж ичихгүйгээр шалгуулахаа хэлээд амжсан. Сангийн сайд асан С.Баярцогт гэхэд хэвлэлийн хурал хийж “Би АНУ-д оюутан болсон. Ийм асуудал үүссэн учраас сургуулиа хойшлуулж, үнэн мөнийг тогтоотол эх орондоо байна, шалгуулж байгаадаа баяртай байна” хэмээн мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд асан С.Баяр “Дуудсан цагт очиход би хэзээд бэлэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Ч.Сайханбилэг ч үгээ хэлсэн. Алсын АНУ-аас захидал илгээж, “Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга” хэмээн дуудсан цагт ирэхээ илэрхийлсэн эрхэм эх орондоо буугаад, “аав”-ын хаалга татав.
Хуулийн байгууллага төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан эрхмүүдийг баривчилж буй анхны тохиолдол энэ биш. 2012 онд АТГ-ын даргаар Н.Ганболдыг ажиллаж байх үед Монгол Улс анх удаа Ерөнхийлөгчөө яллаж байв. Бор оймстой хөлийг гозолзуулсан сүр дуулиант баривчилгаа ялын тогтоолоор үргэлжилж байсан цаг саяхан. Харин үүний дараа АТГ-ын дарга Х.Энхжаргалын үед хоёр ч Ерөнхий сайдаа Сангийн сайдтай нь хамт хорилоо. Авлига, албан тушаалын гэх тодотголтой энэ хэрэг С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нараар тогтохгүй. Учир нь Оюутолгойн гэрээнд оролцсон, бүр гарын үсэг зурсан эрхмүүдийн нэр одоогоор сонсогдохгүй байна. Магадгүй тэд дараагийн баривчилгааны бай ч байж мэдэх. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон баривчилгаа хэрхэн үргэлжлэхийг олон нийт анхааралтай харж буй.