Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг олгох хүрээг нэмэгдүүлж 80 хувьд нь олгох тухай шийдвэр гаргасан. Ингэснээр 200 гаруй мянган хүүхэд нэмж хүүхдийн мөнгөн тэтгэмж авах боломж бүрдэнэ. Мөнгөн тэтгэмжид хэрхэн хамрагдах тухай Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас тодрууллаа.
Монгол Улс 0-16 насны нэг сая 150 мянган хүүхэдтэй. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхэд тэгш хүртэх ёстой ч улс орны эдийн засгийн байдлаас хамааран зорилтот бүлэгт хамаарах 684 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байсан. Улсын эдийн засаг сайжирсан тул 228 мянган хүүхдэд нэмж мөнгөн тэтгэмж олгохоор болсон. Ингэснээр нийтдээ 900 орчим мянган хүүхэд сар бүр 20,000 төгрөгийн тэтгэмж авах юм.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 80 хувьд нь олгохдоо 2017 оны дөрөвдүгээр сараас хойш явагдаж буй Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг үндэслэн олгох юм байна. Иймд иргэдийн зүгээс нэмэлт материал бүрдүүлэх шаардлагагүй бөгөөд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдах, өөрийн сонгосон арилжааны банкинд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргасан байх шаардлагатай гэж Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош оноогоор тогтоон нийт хүүхдийн 60 хувьд олгож байсан. Тэгвэл 80 хувьд нь олгохдоо босго оноог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх бөгөөд одоогоор оноог тогтоогоогүй байгаа юм байна.
Шинээр төрсөн хүүхэд болон өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй айл өрх харъяа газрынхаа баг, хороонд хандан өргөдөл гаргаж, судалгаанд хамрагдах юм. Улмаар өрхийн амьжиргааны босго оноогоо тогтоолгож, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжтой эсэхээ мэдэж болно.
Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлээд байна.