А.С. Железняков. Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахины хүрээлэн.
Орчуулсан, судлаач Д.Ганхуяг
Манайд Самдангэлэг гэж нэг генерал байсан юм. Орос эхнэртэй. Хүүг нь Саша гэдэг бөгөөд Улаанбаатарт бид нартай хамт өссөн нөхөр л дөө. Тэгээд эцгийгээ өөд болсны дараа ОХУ -д очиж тэндхийн Дорно Дахины Хүрээлэнд олон жил ажилласан юм. Тэрээр Монголын тухай олон сайхан өгүүлэл бичсэнийг дэлхийн олон улсад нийтэлсэн байдаг бөлгөө. Элэг нь байдаг юм уу, бидний тухай их л сайхан юм бичдэг юм. Бид тулгамдсан асуудлыг тулга тойрсон хүрээнд биш, дэлхийн олон улсад хэрхэн үнэлдэг тухай мэдэх ёстой мэт. Болж л өгвөл дэлхийн хэмжээнд сэтгэж сурвал бидэнд л хэрэгтэй баймаар санагдана. Найзынхаа хүсэлтээр чадан ядан орчуулсан хос хоёр өгүүллийг нийтэлж байна. Залуус маань заавал унших ёстой өгүүллийн нэг гэж санана. Та бүхний ухаан тунгаах болтугай.
Орхон, Хэрлэн, Туул голуудын хөндий, Хангай, Хэнтийн уулын бүсийн бэл дэх эвтэйхэн нутагт оршдог Монголд (1) дэлхий дахинаа нэрд гарсан улс, эзэнт гүрнүүд үүсэн бүрэлдэх тогтвортой гал голомт оршдог. Энд МТӨ III зуунаас эхлэн хүннү, сүмбэ, жужан, түрэг, уйгар, кидан, монгол зэрэг янз бүрийн нүүдэлчин ард түмний төр улсын анхны бүрдлүүд байнга үүсч байсан юм. Нүүдэлчдийн төр улс энэхүү гал голомтод удаан хугацаанд бэхжин оршиж, тодорхой үед олон хэлт, одоо бол 95 хувь нь монгол хэлт болсон бүх монголыг ноёрхогч хүч болж, заримдаа дэлхий дахинаа ноёрхох бодит өрсөлдөгч болдог байв. Энд төр улс цэцэглэн хөгжих бүрдээ байнгын нийслэлээ сольдог, улмаар хотын соёлыг хөгжүүлж, янз бүрийн бичиг үсэг ашиглаж, бусад салбар дахь өмнөх үеийнхнийхээ туршлагыг өвлөн авч хөгжүүлдэг байсан. Шинэ төр улс нь хаад ноёдынхоо хөдөлгөөнт орд өргөөг буюу зүгээр л хүн амынхаа шилжих хөдөлгөөний өндөр чадварыг хадгалж байсан бөгөөд ийм маягаар нүүдэлчин байдлаа давуутай хадгалж (өөрөөр хэлбэл бөөнөөр колоничлохоос хамгаалагдсан) үлдсэнээр ард иргэдийнхээ тоотой зүйрлэшгүй их нөлөөг хөршүүд болон тэр ч байтугай дэлхийн хөгжлийн түүхэнд үзүүлж чадах онцгой чанарыг олж авчээ.
Монгол дахь зонхилох үндэстнүүдийн ээлжлэн солигдох явдал нь энэ орныг тал нутаг болон түүний эргэн тойрон дахь “Римээр амьсгалсан” хотын соёлын янз бүрийн цуглуулга дундаас байнга сэргэн мандах чадвар бүхий өвөрмөц маягийн бөгөөд угсаатнаас дээгүүр орших нийгэм – соёлын нийтлэгийн өлгий нутаг хэмээн хэлэхэд хүргэж байна. Энэхүү нийтлэгт бие биенээ халсан эзэнт гүрний үлдэгдэл болох угсаатны янз бүрийн бүлгүүд байнга “чанагдаж” байсан байна. Эдгээр үлдэгдлийн зарим нь Монголын чанадад гарч, тэндээ нутгийн хүн амтай холилдож, ханлиг, ванлиг, улс, тэр ч байтугай шинэ эзэнт гүрний гал голомтыг үүсгэж байжээ.
Монголын гал голомтын өвөрмөц чанар бол зөвхөн энд, дэлхийд өөр хаана ч байхгүй нүүдэлчид олон мянган жилийн турш, тэр тусмаа бичгийн бүх түүхийн туршид амьдран буй нийгмийнхээ дүр төрхийг тодорхойлж, улс хоорондын харилцааны субъект байж, өнгө аясыг тодорхойлж байсантай холбоотой юм. Дэлхийн түүхийн явцад мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн нүүдэлчдийн төр улсууд Евроази дахь монгол голомтын чанадад ч бий болж байсан авч тэд өөрийн нөхөн үйлдвэрлэлийн мянга мянган жилийн уламжлалаасаа тогтвортой, дахин давтагдах зүйлсийг бүтээж чадаагүй юм. Шумер, скиф, сак, массагет гэх мэтийн төр улсууд нь “тэнхлэгийн өмнөх” хэмээх цаг үед хамаарагдах бөгөөд тэдгээрийн анхны бүрдлүүд нь Хар далайн хойд хэсэг болон Дундад Азид оршин байгаад тэндээ суурин ард түмэнд уусан зөвхөн зах хязгаар нутгуудад нүүдлийн ахуйн хэсэг бусаг тасархайнууд үлдсэн юм. Мөн тийм хувь заяа Монгол дахь төвийн эзэнт гүрэнтэй нэгэн зэрэг үүссэн нүүдэлчдийн төр улсуудыг (дахи, парна зэрэг) нэрвэсэн юм. Эдгээр төр улсуудын зарим нь өөрсдөө тухайн эзэнт гүрний тасархай байсан буюу хангай – хэнтийн мужтай нийлсэн гал голомтоос үүссэн байна. Эдгээр улсуудад юэчжи, (эртний зохиогчид цахар ч гэдэг) , хүн, кушан, тоба, авар (оросын түүх бичлэгт обр гэдэг), бохай, уйгар, киргиз, зүрчид, манжуур, жунгар зэрэг ордог.
Монголоос гаралтай долгионы түлхэлт мянга мянган жилийн турш дорно зүгт Номхон далайгаас баруун зүгт төв Европын зүүн хэсэг хүртэлх асар уудам орон зайд (шууд буухиа буюу “доминогийн зарчмаар) тархдаг байв. Монголчуудын эзлэлт нь аливаа булаан эзлэлтийн нэгэн адилаар үгүйрүүлэгч дайн, сүйрлийг авчирч байсан хэдий ч Евроазийн янз бүрийн бүс нутгууд дахь хүчний тэнцвэржилт, нийгэм болон төрийн байгууламж, хэлбэр, бүтцийн зарчим, оюун санааны хүрээ, үзэл суртлын өөрчлөлт, хамгийн эцэст түүхийн бүх хөгжлийн шинж чанарт өөрчлөлт оруулсан юм.
Ази, Европын ард түмнүүдийн түүхэнд монгол гаралтнуудын үлдээсэн ул мөрийг гүн гүнзгий чанараар нь дэлхийн шашны нөлөөтэй харьцуулан жишиж болох бөгөөд энэ нь төвлөрсөн хяналтынхаа цар хэмжээгээр ямар ч сүм хийдийн нөлөөнөөс даван гардаг билээ. Монгол гаралтнууд өөр хоорондоо цаг хугацааны олон зуун жилийн завсар бүхий угсаатны хэд хэдэн давалгааны (хүннү/сүмбэ/гунна/жуаньжуан /авар/обр/түрэг/тузю/кидан/ляо/хар хятан/монгол/татаар монгол/ халимаг г.м.) улмаас Евразийн асар уудам орон зайд сарнисан юм. Эзэлж авсан нутгуудад эрс өөрчлөлт гарч, янз бүрийн соёл шашны нийтлэгүүдийн холилдох, нэгдэх үйл явц явагджээ. Монголоос гаралтай ээлжит уулга дайн нь соёл, угсаатны харилцаанд олон давхраат өөрчлөлт, тодорхой чиглэмжийг бий болгож байлаа. Монголоос гарсан лугшилт эзлэгдсэн бүс нутгуудад хэдийнээ суурин нийгмийн бааз дэвсгэр дээр дэвших чиглэлээр үргэлжлэн хөгжиж байв. Энэ нь нүүдэлчид суурин нийгмээс явах буюу тэдэнд уусахаасаа өмнө сэтгэл зүй, ертөнцийг үзэх үзэл, засаглалын хүрээнд оруулж амжсан найруулгын онцлогтой холбоотой. Нүүдэлчдийн эзэлсэн орон зайн чухал онцлог нь тэд төвлөрөлд хэт өртөмтгий, угсаатан хоорондын зөрчил, нийтлэг шашин, үзэл сурталд нээлттэй байсан явдал байлаа. Иймэрхүү үйл явцууд хөдөлгөөнт мал аж ахуй – газар тариалангийн хэд хэдэн төв үүссэн “тэнхлэгээс өмнөх“ дээр үед ч, Евразийн талын зурвас хэсэгт мал маллах аж ахуй бий болсон хожим үед ч гарсаар байжээ. Хөдөлгөөнт нийгэм суурин нийгэмтэй уусан нэгдсэн нэгдэл (симбиози) нь өргөн нэгдэх хөдөлгөөн болон ари, гиксос, арамей, химмер, скиф, жун, ди (монголд оршиж байсан) болон эртний бусад хөдөлгөөнт ард түмэн ул мөрөө үлдээсэн тэр л орон зайд суурин ертөнцийн армиуд ялгуулсан аян дайн хийх суурийг бэлтгэж өгсөн юм. Энэ нь Египет, Месопотами, Бага болон Дундад ази, Европ, Энэтхэг, Хятад дахь эртний ертөнцийн улс гүрнүүд ба жижиг соёл иргэншлийн хөгжлийн түлхүүр агшин байлаа. Харин “тэнхлэгийн дараах“ үед байдал өөрчлөгдөж, нүүдэлчин ард түмнүүдийн дайралт, шилжих хөдөлгөөн үүсэн гардаг эзэнт гүрний цорын ганц, байнга нөхөн үйлдвэрлэгдэж байдаг доминион нь монгол болсон билээ. Энэхүү лугшилт нь орчин үеийн ертөнцийн дийлэнхи хэсгийн соёл иргэншлийн зураг бүрдэх түлхүүр болж өгсөн. Олон улс, эзэнт гүрэн, дэглэм (Манж, Осман, Оросын эзэнт гүрнээс авахуулаад Зөвлөлт – Монгол – Хятадын эвсэл хүртэл), шашны тархалтын орон зай (оросын үнэн алдарт, ислам, умардын буддизм), үзэл суртал (пантюркизм, евразийн үзэл, панмонголизм, коммунизм) зэргийн хил нь Монголд төвлөсөн эзэнт гүрний эзэмшилд байсан зарим ерөнхий болон тусгай хилүүдтэй давхцаж байдаг.
Цаг хугацааны тодорхой заагт хүчээ буцаан олсон хөршүүд юм уу урт удаан хэрэн хэсч байгаад эх орондоо мартагдсан өмнөх эзэнт гүрний хэлтэрхийнүүдийн зүгээс Монголд өөрт нь гаднаас дарамт учруулж байсан. Түүний газар нутаг дээр хүчний дахин хуваарилалт, хангай–хэнтийн бүсийн гал голомтын төлөө тэмцэл, эхлээд өөрийн эзэмшлийн нөмөр нөөлөгт хамаатан садны гэр бүл буюу жижиг улсыг (хүннү нарт бу, сүмбэ нарт бу болон и, монголчуудад овог) нэгтгэж, дараа нь шинэ төр улсын бүтцийн эхлэл дор бусад бүх эзэмшлийг нэгтгэхийг эрмэлзсэн бүрэлдэж буй шинэ улсуудын хоорондын давамгайллын төлөө тэмцэл өрнөж байв. Хүчний иймэрхүү дахин бүлэглэл нь өөрийн онцлогийг хадгалах, хөршүүдийг няцаах ба тэдэнд түр захирагдах, эсвэл тэдэнтэй тэгш эрхтэй холбоо тогтоохын зайлшгүйгээс “нөхцөлдөж “ байсан авч сонголтын шийдвэрлэх хүчин зүйл нь хангай – хэнтийн бүс нутгийн гал голомтын төлөө тэмцэл байжээ (заримдаа илүү өргөн боломжид хохиролтойгоор) . Монголд амьдарч байсан ард түмнүүдийн иймэрхүү дахин бүлэглэлт нь тэднээс хятадын Хан, Цин, Суй, Тан гүрнүүд, баруун Түрэгийн хаант улс, хятаны Ляо улс, зүрчидийн Чин улс, Монголоос Хятадад анхны доминион болон шилжсэн монголын Юан гүрэн (Хайду болон Хувилайн тэмцэл), Манжийн Чин улс, Зүүнгарын хаант улс, Оросын эзэнт гүрэн ба ЗХУ зэрэгтэй харилцаж байсан харилцаанд хамгийн тод тусч харагддаг юм.
Монгол нь зөвхөн янз бүрийн үндэстнүүдийн төдийгүй янз бүрийн соёл, шашин, түүний дотор христ, ислам, буддизм, күнз зэрэг дэлхийн шашнуудын уулзалдах талбар болж байлаа. Мянга мянган жилийн турш, XYI – XYIII зууны зааг хүртэл хангай – хэнтийн бүсэд харийн нэг ч соёл, шашин нутаг орны нөхцөлд дасан зохицож чадаагүй бөгөөд энд өөрийн гэсэн соёл – шашны хүчирхэг уламжлал зонхилж байв. Буддизмыг эх орондоо авчрахаас өмнө монголчууд XIII – XYI зуунд Төвдөд хэд хэдэн томоохон шинэчлэл явуулж байж Буддизмыг Юан гүрний төрийн шашин болгон зарлаж, чингэхдээ түвдийн дээд мяндагтнууд хос ёсны зарчим хэмээн нэрлэж байсан хааны засаг, сүм хийдийн холбооны зарчмыг бий болгож, далай ламын институтыг оруулж иржээ. Мөн чанартаа тэд буддын шашныг дэлхийн шашны төв болгох гэсэн хүчин чармалт гаргасан байна.
Хачирхалтай нь монгол нь дэлхийн соёл иргэншлийн нэг ч жагсаалтад ордоггүй билээ. Түүхийн томоохон онолчид түүнийг эсвэл гаднаас соёл иргэншлийн урсгал нэвтрэн орох идэхтгүй объект хэмээн үзэж, эсвэл ерөөсөө соёл иргэншлийн үйл явцаас “сөрөг” хүчин зүйл хэмээн түүнийг хасч орхидог байна. Үүний дүнд монгол нь ямар нэг тусгаарлагдсан юм, бүдүүлэг буюу илүү соёл иргэншилт нийгмийн нүүдлийн зах хязгаар байдлаар л төсөөлөгддөг байна.
Монголыг дэлхийн соёл иргэншлийн жагсаалтад оруулах явдлыг монгол судлалын утга зохиолд агуулагдан буй гаргалгааны үндсэн дээр хэрэгжүүлэх боломжгүй юм. Монголыг дэлхийн соёл иргэншлийнх нь хувьд хэн ч, хэзээ ч судалж байгаагүй. Монголын түүх, соёлд зориулсан барууны судлаачдын бүтээлүүдэд дэлхийн түүхийн нарийвчилсан сэдвээс гадуур энэхүү орны гүн гүнзгий өвөрмөц онцлогийг нээн харуулсан байдаг, чингэхдээ тэр нь нүүдэлчдийн зах хязгаарын байршил юм уу бин битүү тусгаарлагдсаны үр дүн төдий юм (2) гэж үздэг. Өнөө цагт баруунд “Монголыг шинээр нээж” (3) байгаа нь түүнийг адил эрхт дэлхийн соёл иргэншлийн нэг гэсэн нээлтэд хүргээгүй. Эдүгээ сайндаа л гэхэд Монголын “алх дөшний дундах” (4) байрлалын тухай, бусад соёл иргэншлийн дундах “сэндвич” юмуу “жийргэвч”(5) гэж үзэж байгаа.
Монгол судлалын ажлууд дахь соёл иргэншлийн асуудлууд нь уламжлалт байдлаар түүхийн нэр хүндтэй онолчдын мэдэлд байдаг. Монгол судлалын хэд хэдэн ажлуудад тодорхой үе шатанд юм уу амьдралын тодорхой хүрээнд энэхүү орны түүх идэвхитэй, бүтээлч шинж чанартай байсныг онцгойлон дурдсан нэн сонирхолтой ажиглалтууд бий. Эдгээр ажиглалтуудыг соёл иргэншлийн онолчдын бүдүүвчүүдтэй харьцуулан үзсэнээр түүхийг “идэвхигүй” буюу “сөргөөр” бүтээгч улс гэдэг тэдний бүс нутгийн хандлагын олон үндсэн гаргалгааг няцааж болно. Соёл иргэншлийн онолчдын анхаарлын гадна монгол судлалын томоохон бүтээлүүд төдийгүй, дэлхийн олон улс орны архивуудад хадгалагдан буй Монголын тухай чухал баримт бичгүүд ч, энэ оронд амьдран байсан ард түмнүүдийн эртний бичгийн дурсгалууд ч, мөн түүнчлэн дундад зууны болон одоогийн үе хүртэлх илүү хожмын баримт бичгүүд ч орхигдсон байна. Эдгээр материалыг гарган ирж, соёл иргэншлийн хандлагын үүднээс судлан үзэх явдал бол тусгай судалгааны зорилт юм. Энэхүү өгүүллийн зорилго өөр бөгөөд нэгэнт хэвшин тогтсон соёл иргэншлийн бүдүүвч болон монголын нийтлэгийг хүлээн авах урьдач бодлын (стереотип) дотоод зөрчлийг харуулах явдал мөн. Энэ нь нэгдүгээрт, миний сүүлчийн бүтээлүүдийн нэгэнд өгүүлсэн соёл иргэншлийн ангиллын “урган төлжиж буй” баялаг түүх судлалын шинжилгээ, хоёрдугаарт, соёл иргэншлийн онолчдын бүдүүвчийг эвдсэн монголтой холбоотой соёл иргэншлийг судлаачдын Монголын тухайд хийсэн тулгуур санамжууд юм.
Ингээд монголын соёл иргэншлийн асуудлуудыг гарган үзүүлэхийн тулд түүхийн онолчид монголыг өвөрмөц эх булаг хэмээн оруулан тооцдог холимог соёл иргэншлийн бүтээлүүдийг судлах ёстой. Энд дэлхийн соёл иргэншлийн сонгодог бүдүүвчид Монгол, Орос, Хятад, Энэтхэг, Түвдийн гэх мэт нүүдлийн ертөнцийн байр суурийг тодорхойлох зайлшгүй зайлшгүй суурь үндсийг тухайн цагтаа тавьсан XIX болон ХХ зууны эхэн үеийн оросын болон барууны дорно дахиныг судлаачдын суурь бүтээлүүд орохгүй. Эдгээр бүтээлүүд дэх өгөгдөхүүнүүд нь өөрийнхөө “уусмалжсан” шинжээрээ нөхөн сэлбэх эх булаг болж чалахгүй юм. Дорно дахины судлалын сонгодогуудын тэдний залгамж нэрд гүйцэд гараагүй орчин үеийнхний бүтээлүүдэд дэлхийн түүхийн хэвшмэл бүдүүвчид тэр бүр ороод байдаггүй тусгай тэмдэглэл, ажиглалтууд байгаа нь мэдээжийн хэрэг. Утга зохиолын эдгээр бүлэг хэсэг нь монголын түүхийн асуудлаарх суурь судалгааны түүх бичлэгийн баазыг нэгэнт бүрдүүлсэн бөгөөд энэ нь дээр тэмдэглэсэнчлэн тусгай ажлын сэдэв юм. Одоогийн судалгаанд бол хэвшин тогтсон урьдач үзлийг эвдэх хандлага агуулсан сүүлийн үеийн суурь бүтээл, өвөрмөц өгүүллүүд сонирхолтой болно. Эдгээр бүтээлүүдэд байгаа Монголын тухай мэдээллүүд нь дэлхий дахины түүхийн онолын бүдүүвчид шинэ гэрэл гэгээ оруулж чадна.
Энд ихээхэн хачирхалтай нөхцөл байдал бий болдог. Орос, Хятад, Түвдийн болон нүүдлийн ертөнцийн талаарх тодорхой бүтээлүүдэд (ялангуяа сүүлийн жилүүдийн бүтээлүүдэд) Монголыг юуны өмнө эдгээр соёл иргэншлийн амьд холбоотой хэсэг биш, түүхийн тодорхой хэрчимд оройлогч хүчин зүйл хэмээн дүрсэлдэг. Түүхийн бусад үеүдэд холимог соёл иргэншлийн орчин үеийн судлаачид бүгд шахам Монголыг судлан байгаа тэр соёл иргэншлийнхээ бүрэлдэхүүнд оруулахгүй байх буюу ямар нэгэн хөрш, эсвэл ямар нэг гаднын субъект байдлаар авч үздэг. Тухайлбал, Хятадын талаарх бүтээлүүдэд нүүдлийн аж төрөх ёсны өвөрмөц онцлог, монголчуудын шашны хамаарлын тухай онцлон тэмдэглэдэг, Түвдийн талаарх бүтээлүүдэд Түвдтэй харилцсан бүх үеүдэд монголын хаад ноёдын бие даасан идэвхитэй байр суурийг тэмдэглэсэн байдаг бол Монгол нь Оросын эзэнт гүрэнд протекторат байдлаар татагдан орсон хувьсгалын өмнөх арван жилийн үеийн оросын нийтлэгийг судлаачид Монголд Богд гэгээн, Буддын шашны эдэлж байсан халдашгүй нэр хүндэд илүү анхаарсан байдаг. Зөвлөлтийн үеийн бүтээлүүд нь онцгой байр суурьтай байсан бөгөөд энд тодорхой ахиц гарсан байдаг. (энэ тухай дор өгүүлнэ)
Соёл иргэншлийн талынхны бүдүүвчийн эдгээр бүх зөрчлүүд нь хятадын соёл иргэншлийн талаарх саявтар гарсан бүтээлүүдэд илүү гаж үзэгдэж байна. Хятадын түүхийн сүүлийн үеийн томоохон бүтээлүүдийн нэгэнд Чин гүрний үед Гадаад Монголыг Хятадтай нэгтгэсэн нь “нүүдэлчин хязгаарын зүгээс Хятадын газар тариалангийн соёл иргэншилд заналхийлж байсан олон зууны аюулыг устгах хүслийн чухал сэдэц (хамгийн чухал гэсэн бололтой) байлаа. Саяхан өөрсдөө нүүдэлчид байсан манжууд энэ аюулыг бүрэн гүйцэд ухамсарлаж байв” (6) гэсэн байна. Өөрөөр хэлбэл энд газар тариалангийн соёл иргэншлийн “зах хязгаарын” тухай ярьж буй боловч үнэн хэрэг дээрээ түүнийг бүрдүүлэгч хэсгүүдийн бие даасан ахуй байдлыг хадгалах манж – монголын өвөрмөц холбоо байгуулах тухай өгүүлж байна. Тэр ч байтугай Чингийн ордон Монголтой хил залгаа Манжуурыг түүхэн эх орноо хэмээн үзэж, түүнийг Хятадаас хөөгдсөн тохиолдолд (7) нуугдан орших газар нутгаа гэж тооцож байв. “Дорнын түүх” хэмээх олон ботит бүтээлийн 1999 онд гарсан III ботид монголын хаад ноёд “давуу эрхээрээ улсын дотор манжийн дараа хоёрдугаарт орох үндэстэн байлаа” гэсэн байна (8). Үүнээс үзэхэд Манжийн эзэнт гүрний бүрэлдэхүүн дэх ламын шашинт Гадаад Монгол нь давуу эрхтэй байр суурь эзэлж байсан учраас яагаад ч зах хязгаар нутаг байж чадахгүй. Энэ нь дархан цаазтай, тэр ч байтугай хориотой (хятадын түрэлт гэсэн утгаар) бүс байсан нь магадтай байна. Орос дахь Хятад судлалын энэхүү шинэ үндэслэл нь соёл иргэншлийн хандлагыг ашиглах гэсэн анхны оролдлогуудтай холбоотой юм. Дээр дурдсан бүх сэдвүүдийг би арван жилийн өмнө “монгол судлалын үүднээс” дэвшүүлэн гаргаж, эхлээд 1992 онд орос, англи, хожим нь дани хэл дээр гарсан жижиг өгүүлэлдээ томъёолсон юм. Энэхүү сэдвүүд нь Монгол, Хятад хоёр монголын биш, гэхдээ хятадын биш эзэнт гүрний засаглал дор хамгийн их ойрхон байсан тэдний түүхийн үеүдтэй холбоотой юм. Ийм учраас манжийн өмнөх ба дараа үе дэх хятадын соёл иргэншлийн судалгаанд анхаарал хандуулах нь утгагүй мэт боловч энд ч гэсэн хоёр орны соёл иргэншлийн ялгаатай талд хангалттай жинтэй үндэслэл нэгэнт олдоод байна. Гэсэн хэдий ч синизацийн (хятад төвт дундад үндэстэн бүрэлдсэн үйл явц – орч) үр дүнд үүссэн, Хятадад оршин амьдрагч суурин болон нүүдэлчин ард түмнүүдийн соёлын нэгдлийн үзэл санаа бүхий бүтээлүүд зонхилсон хятадын түүх бичлэг гэж байдаг. Миний бодлоор хятадын соёл иргэншил тархах муж бүрэлдсэн онцлогийг нэн нарийн тодорхойлж байгаа хэдий ч Хятадын тухай түүний тайлбарлал нь хэт өргөн бөгөөд Монголыг өөр соёл иргэншлийн гал голомт байдлаар авч үзэх боломжийг олгодоггүй юм. Хятадын түүхчдийн бүтээлүүд нь бүхэлдээ соёл иргэншлийн хандлагаас хол байдаг ба тэдгээрийг энд авч үзэх шаардлага байхгүй юм. Гэвч нэг шинэ бөгөөд зангилаа асуудлыг авч үзэх ёстой болов.
Хятадын түүхч эрдэмтэд дэлхийн түүхийн марксист бүдүүвчийг бүхэлд нь баримтладаг боловч өөрийн мэргэжил нэгт оросын хятад судлаачдын нэгэн адил шинэ шинэ санаа бодолд хүрч байна. Хятадын түүхч Сюй Тао- гийн “Хятад ба “умардын бүдүүлэгчүүд” (МТӨ III – МТ YI зуун) дэд эрдэмтний диссертацид эдгээр шинэ санаа ямар нэг хэмжээгээр туссан байна. Диссертацийг 1996 онд Москва хотноо Москвагийн Их Сургуулийн дэргэдэх Ази, африкийн орнуудын институтэд амжилттай хамгаалсан юм. Сюй Тао соёл иргэншлийн хандлагыг аваагүй хэдий боловч түүний ажил зарим марксист догм, үндэслэлээс тагалзсанаараа бидний энэхүү судалгааны анхаарлыг татаж байна. Марксист ортодоксаль үзэлтэй хэмээн яагаад ч үзэж болохгүй эрдэм шинжилгээний ажлын удирдагч профессор З.Г.Лапины удирдлагаар ажиллаж, москвагийн орчинд байж, орос, зөвлөлтийн зохиогчдын бүтээлүүдтэй (түүний дотор Л.Н.Гумилёв) танилцсанаар хятадын энэ эрдэмтэн Хятад дахь түүний мэргэжил нэгтнүүд тусгайлан судалж байгаагүй сэдвийг хөндсөн юм. Хэрэв зохиогч “Хятадын тал ханьчуудад нүүдэлчдийн соёл нөлөөлсөн асуудлыг санаатайгаар дуугай өнгөрөөдөг” (10), “Дундад хятадын тэгш газар, Умардын тал нутгийн соёлын харилцан нөлөөллийн (нүүдэлчид хятадын соёлыг авах зөвхөн нэг чиглэлийн үйл явц биш) асуудлаар хийсэн судалгаа үнэндээ байхгүй” (11) итгэлтэйгээр мэдэгдэж байгаа бол Хятадад ч гэсэн энэ асуудал үнэхээр тулгамдсан бололтой. Сюй Тао “соёлын органик нийлэгжилтийн хандлагын тухай” дүгнэлт хийж, чингэхдээ “ соёл харилцан нэвтрэх илрүүлсэн … илт үйл явц нь цаг хугацаа, орон зайн хувьд жигд биш үргэлжлэн, энэхүү харилцан үйлдлийн хэмжээ нь янз бүрийн эрин үед, янз бүрийн газарт харилцан адилгүй байлаа” (13) гэж онцлон тэмдэглэж байна. Дасал болсон догмоос ингэж өчүүхэн салахад л зохиогч Монголын Хятадад соёл иргэншлийн хувьд хамаарах зангилаа асуудлыг огт өөр байдлаар дэвшүүлэн тавихад хангалттай юм. Хятадын “соёл иргэншил”, монголын “соёлыг” “орон зай, цаг хугацаанд” энгийнээр зааглан үзэх нь тэдний зам бүрэн салаалсан гэдэгт хангалттай юм. “Бусад соёлын” (онцлов – А.Ж.) амжилтыг олон янзаар дахин боловсруулах ажил байнга явагдаж”, түүнд дасан зохицож байсны ачаар Хятадын соёл иргэншил эртний Египет, эртний Мессопотами болон бусад соёл иргэншлүүдээс ялгаатай нь ор мөргүй устаагүй, харин орчин үеийн хятадын соёл иргэншлийн бат бөх бааз суурийг тавьсан байна” (14) гэж зохиогч үзэж байна. Ийм маягаар үеэ өнгөрөөсөн догмоос өчүүхэн алхам салахад л хятадын түүхийн шинжлэх ухааны өмнө зөвхөн Чин төдийгүй, эртний болон дундад зууны эрин үед хань болон хань бус ард түмнүүдийн нэгдмэл соёл иргэншил болсон Тэнгэрийн улсын бүхэллэг чанарын хязгаарын тухай асуудлыг дэвшүүлэн тавьж байна. Энэ зураглалд Монгол нь ердөө л угсаатны даралтын объект, хятадын соёл иргэншлийг баяжуулах “соёлын материал” мэтээр харагдаж байгаа нь чухал биш, хамгийн гол нь монгол хятадаас тусгаар байгаад оршино. Хятадын тухай барууны орчин үеийн түүх бичлэгийн тухайд гэвэл тэнд соёл иргэншлийн хандлагын зөрчил маш эрт, бараг л түүхийн голлох онолчид энэ хандлагыг боловсруулсантай зэрэгцэн бий болсон юм. Энэ агуулгаар Хятад болон нүүдлийн нийгмийн уулзвар дахь судалгааны ажлууд хамгийн их анхаарал татдаг бөгөөд тэдгээрийг нүүдлийн нийтлэгийн судалгаануудтай иж бүрнээр нь авч үзэх нь зохистой юм. (15) Эдгээр ажлуудыг миний бодлоор шпенглерийн ба тойнбийн гэсэн хоёр бүлэгт нөхцөлт байдлаар хуваан үзэж болох юм.
Эхний бүлэг ажлуудад (16) шпенглерийн бүдүүвчийг Хятад, Монголын материалууд дээр гүйцээн эрэгцүүлж, тодорхой болгосон байдаг. Энд нүүдлийн нийгмүүд нь өгсөлтийнхөө үеүдэд байлдан, эзлэх, булаан авах (энд түүнчлэн гадаад тусламж, худалдааны булаалтыг хамруулж болно), газар тариалангийн хүн амын эдийн засгийг шулан замаар амьдарч буй ямар нэг паразит үрслэг мэт төсөөлөгддөг. Өөрөөр хэлбэл, О. Шпенглерийн “Европын мөхөл” бүтээлээс ишлэл авах юм бол тэдгээр нь “түүхийн бүх агуулгыг өөртөө шимэн сордог, соёлын нийлбэр дэвсгэртэй харьцуулахад өөрийн дээд хүмүүн чанарын үлдэгдлээр дэлхийн хотуудыг тэжээх ганцхан ажилтай мужийн түвшинд хүртэл буусан” ямар нэг цэг байдаг: “тэдгээр нь хэцүү ухаантай боловч бүрэн метафизик биш хүмүүсийн хэв шинж байсан” (17) хэмээн төсөөлөгддөг. Барууны эдгээр зохиогчид Шпенглерийн адил соёл иргэншил ба соёлыг үг дуугүй сөргүүлэн тавихаас хол байдаг ба нүүдлийн улсуудыг судлагч оросын эрдэмтэн Е.И.Кычановын тэмдэглэснээр “нүүдлийн болон суурин эхлэл зэрэгцэн орших, гэхдээ харилцан нэвтэрч, харилцан уусаагүй” “нийгмийн эвцэл” (18)
(симбиоз) байхыг зөвшөөрдөг. Энд нүүдэлчидтэй холбоотой юм бүхэн тариаланчдад харш гэж үздэг хятад сурвалжуудын нөлөө нэн тодорхой харагдаж байна. Гэхдээ хэрэв Шпенглер соёл иргэншлийн эдгээр “үрслэгийг” нэрлэж, түүнийг өндөр соёлд сөргүүлэн тавьсан ахул эдгээр судлаачдын өгөгдөхүүнүүд нь нүүдлийн нийгмүүдийн сорон мөлжигч шинж чанарыг дурдсанаар л хязгаарлагдаж байна.
Тойнбийн бүлгийн судлаачдын төлөөлөгчид нүүдлийн нийгмүүдийн амьдралд тогтвортой чанарын дотоод эх булгийг харсан хэдий ч тэдэнд анги, төр байдгийг хүлээн зөвшөөрснөөс цааш ахиагүй юм. Тэдний олонхи нь “соёл иргэншил” гэсэн нэр томъёог тариаланчдаас салангид нь нүүдлийн тодорхой нийгэмд хэрэглэдэггүй юм. Энэ утгаараа тэд Тойнби гэхээсээ Н.Я. Данилевскийд илүү ойрхон байдаг.Тэдний хувьд нүүдэлчдийг бие даасан социум биш, харин эвцэлдсэн холимог соёл иргэншлийн зах хязгаар хэсэг (20) гэж үздэг. Газар тариалан ямар нэг байдлаар мэдэгдэхүйц хөгжиж чадаагүй Монгол нь тусгаар соёл иргэншлийнхээ хувьд тэдний анхаарлын гадна үлддэг.
Магадгүй энэ хоёр хандлагын өвөрмөц холимогт өмнөх ажлуудад дурдсан орчин үеийн монголын соёл иргэншилт байгууламжийн асуудлаарх монголын зарим судлаачдын байр суурийн үндэс нуугдан байж болох юм. Эдгээрийн нэгэн өгүүлэл нь “Нэг улс – хоёр соёл иргэншил” гэсэн нэртэй .(21)
Бидний судалгаанд нүүдлийн нийгмүүдийн талаарх зөвлөлтийн болон оросын судлаачдын бүтээлүүд машид сонирхолтой байдаг. Эдгээр бүтээлүүдийн ихэнхи хэсэг нь монгол судлалын томоохон судалгааны түүх бичлэгийн үндсийг бүрдүүлсэн бөгөөд өөрөөр хэлбэл нөхөн сэлбэх сурвалжуудын өөр бүлэгт “бүх биеэрээ” орох юм. Зөвлөлтийн зохиогчдод олон арван жилийн туршид соёл иргэншлийн хандлагад анхаарч нягтлах боломж байгаагүй нь эдгээр бүтээлүүдэд категорийн онцгой аппарат хөгжих явдлын нөхцөлдүүлсэн юм. Гэхдээ ангийн харилцааны нэр томъёо, формаци болон төрд хамаарах ухагдахууны цаана аль нэгэн нийгмийн соёл иргэншлийн түвшний ерөнхий үнэлгээ хялбархан харагддаг юм. Хэргийн учир нь дэлхийн аль ч соёл иргэншлийн хамгийн чухал шинж нь хөгжсөн ангийн харилцаа, төр улсын туршлага байдагт оршино. Кычанов оросын эрдэмтдийн бүтээлүүд дэх нүүдлийн нийгмийн нийгэм – ангийн үнэлгээний гурван түвшинг ялгасан байдаг. (Тэр өөрөө энэхүү үнэлгээг бүлэглээгүй боловч түүний нямбай хийсэн дүгнэлтүүдээс үүнийг хялбархан хийж болно) Нэгдүгээр түвшинг С.А.Плетнева (“нүүдэлчид суурьшиж, соёл, төрийг байгуулж амжаагүй”), Г.Е. Марков (“нүүдэлчид ангит нийгэм үүсгээгүй, төр байгуулаагүй”) нар төлөөлдөг. Хоёр дахь түвшинг Кычанов өөрөө (нүүдлийн нийгмүүдэд боол эзэмшлийн харилцааны элементүүд байсан ба феодалын харилцааны генезис ажиглагдаж байсан: өндөр бөгөөд өвөрмөц зохион байгуулалттай төрийн бүрдэл байсан) болон С.И. Вайнштейн, Ю.И. Семенов нар (нүүдлийн нийгэм бол ангийн өмнөх нийгэм юм, нүүдлийн эзэнт улс бол “бий болж буй” улс, нэг хэмжээст бүрдэл, гэхдээ тариаланч ард түмнүүдийн бүрдүүлсэн олон төрүүдээс маш бага ялгагддаг) нар төлөөлдөг. Гурав дахь түвшин нь В.В. Бартольдоос гарсан (нүүдлийн нийгэмд эд хөрөнгийн ялгаа ихээхэн хэмжээтэй байсан, мөн ангийн тэмцэл, засгийн газрын эрх мэдэл, цэргийн болон улс төрийн хүчин чадал байсан) бөгөөд одоо түүнийг Г.А. Феодоров – Давыдов (өмнөө тавьсан зорилго, өөрийн хатуу сахилга бат бүхий зохион байгуулалттай улс) (22) төлөөлж байна. Эдгээр шинж тэмдгүүдээр зохиогчдын сонирхон буй асуудлаарх байр суурийг нөхцөлт байдлаар тодорхойлж болно. Эхний байр суурь нь Н.Я. Данилевскийн бүдүүвчтэй бүхэлдээ тохирч, А.Ж. Тойнбийн бүдүүвчид арай “хүрээгүй” байдаг. Харин хоёр дахь байр суурь нь Тойнбийн “саатсан”, “үр хөврөлийн” соёл иргэншил гэсэн ангилалтай гадна талаасаа төстэй. Энд нүүдлийн нийгмийг “зогсонги” биш, харин тэдэнд хөгжил ба “тогтох” гэсэн шинж хэвшмэл гэж үздэг нэг ялгаа бий. Дашрамд дурдахад эдгээр нь О.Шпенглерийн “урвуулсан” бүдүүвч дэх соёл иргэншил ба соёлын “хатсан хэсэг” гэх үзлээс бүрэн ялгаатай. Хоёрдугаар байр суурийг өөрөөр ч тайлбарлаж болно: нүүдэлчид нь соёл иргэншлийн дэвсгэр дээр дэлхийн аль нэгэн соёл иргэншлийн амьд хэсэг буюу зах хязгаар газар (ангийн болон төрийн) байдаг. Сүүлчийн гурав дахь байр суурь нь шинэлэг бөгөөд хэрэв зохих иж бүрэн хандлагаар бататгаж өгвөөс монголчууд нь онцгой соёл иргэншлийн төлөөлөгчид мөн хэмээн мэдэгдэж, соёл иргэншлийн бүх бүдүүвчийг эвдэж чадах юм. В.В. Бартольд, Г.А. Давыдов нар монголын эзэнт гүрнийг ямар нэг өөр томоохон нийтлэгт хамааруулж байгаагүй гэдэгт эргэлзэхгүй байж болно.
Түвдийг дэлхийн соёл иргэншлийн нэг гэж ялгах санаа А.Ж. Тойнби – д хамаарна. Монголыг (Буриад, Халимагийн хамт) түвдийн соёл иргэншлийн бүрэлдэхүүнд оруулах санаачлага ч түүнийх юм. (Дэлхийн түүхийн соёл иргэншилт байгууламжийн хамгийн ерөнхий бүдүүвчүүдэд Түвдийг тусгай соёл иргэншил гэж үздэггүй. Хэдий ийм ч нэр хүндээрээ “ариуссан” Тойнбийн “түвдийн соёл иргэншил” гэсэн нэр томъёо утга зохиолд ихээхэн газар авсан юм. Ийм учраас үүнийг юуны өмнө судалгааны объектыг тэмдэглэхтэй холбоотой асуудлууд, монгол соёл иргэншлийн асуудлыг адилтган (аналоги) шийдвэрлэх боломжит жишээ, түүх бичлэгийн баримт байдлаар авч үзэв). Тойнбид ийм дүгнэлт хийх тодорхой үндэслэл байжээ. Бүр ХХ зууны эхний хориод жилд буддизмын анхдагч дэлгэрэлтийн үеийн дараа Түвд нь Энэтхэгийн нөлөөнөөс тасран салсныг харуулсан түвд судлаачдын бүтээлүүд гарч эхэлжээ. Тэдгээрт сүүлийн зургаа, долоон зууны туршид Түвдэд Хятад, Монгол хоёр зонхилох үүрэгтэй байсныг онцлон дурдсан байдаг. Хятад, Монгол, түвдчүүдийн ерөнхий гарал (бүрэн биш ч гэсэн) тэднийг гадаад үйлчлэлийг сөрөн зогсоход хүргэжээ (24). Монгол – түвд – хятадын соёл иргэншлийн нийтлэг орон зайг ийнхүү ялган үзсэн нь өөрөө бас сонирхолтой юм. Гэвч түвдийн соёл иргэншил, Түвдийн түүхийн илүү хожмын бүтээлүүдэд Хятад, Монгол хоёр нь түвдийн сэргэлтийн үеүдэд гадаад оройлогч хүчний байдалтай (25), уналтынх нь үед гадаад орнуудын (дайсагнагч буюу найрамдалт, бүдүүлэг буюу шашны институтыг зээлдсэн) байдалтай (26) дүрслэгддэг. Үүний зэрэгцээгээр монгол – түвд – хятадын орон зайн нийтлэг эх булгийг шинээр эрэгцүүлэх гэсэн эсрэг хандлага руу буцах ч явдал ажиглагддаг. Тухайлбал, Р. Стейн Түвд, Хятад, Монголд амьдран суусан ард түмнүүдийн үечилсэн цаг тооллын систем дэх нийтлэг үндсийг дагнан үзсэн байдаг (27). Зохиогч Хятад ба Монголын эзэнт гүрнүүдийн уналт, заримдаа амьдрах чадвараа эрс алддаг явдлыг тэдгээрийн эзэн хаад түвдийн төлөгчдийг “уян сэтгэлээр бишрэх” – тэй холбон үзсэн.
Бүхэлдээ түвд судлал нь Монголыг түвдийн соёл иргэншилд хамааруулах тухай асуултад эерэг хариулт өгч чадаагүй мэт байдаг. Монгол нь (Хятадын нэгэн адил) дэлхийн шашин буддизмд хамаарагдаж байгаа баримт нь өөрөө аяндаа түүнийг түвдийн соёл иргэншлийн бүрэлдэхүүнд оруулах хангалттай үндэслэл болж чадахгүй юм. Шашны сургаалиуд нь салбар, сект, буруу номтон гэх мэтээр хуваагддаг болохоор дэлхийн шашнууд нь соёл иргэншлийн хоорондын ялгааг арилгаж чадахааргүй тийм олон талтай байдаг. Христийн шашинд бол Оросын үнэн алдарт шашин нь Римийн католик шашныг ярьдаггүй юмаа гэхэд грекийн шашнаас үл хамаарсан байдгийн нэгэн адилаар монголын буддын шашин нь түвдийнхөөс бүрэн бие даасан байдалтай байдаг.
Монголын түүхэн дэх зөвхөн ганцхан үе л сүүлийн жилүүд болтол санал зөрөлдөөнд хүргээгүй ба энэ бол зөвлөлт – монголын бүлгийн үе (1921 – 1990 он) юм. Энд Зөвлөлтийн , зөвлөлтийн дараах үеийн болон барууны түүх бичлэгт энэ бол хоёр орны “онцгой” харилцааны үе байсантай санал нэгддэг юм. (Энд онцгойлж яривал зохих ЗХУ, ЗХУКН, Коминтерний түүхийн бүтээлүүд, энэ үед хамаарах монгол судлалын бүтээлүүд холбогдоно). Гагцхүү түүхэн хэмжигдэхүүнээр хурдан болж өнгөрсөн Монголтой хөршлөгч оросын соёл иргэншлийн коммунист үеийн төгсгөл ба үүнтэй холбогдон зөвлөлтийн олон арван мянган мэргэжилтэн буцсан, цэргийг гаргасан, соёлын болон бусад холбоо хумигдсан зэрэг нь түүхчдийн өмнө Монголыг Оростой зөвхөн одоо үед төдийгүй, өнгөрсөн түүхэн үеүдэд дахиад тийм нягт холбохгүй байх зорилтыг гарган тавьсан билээ. Монголд зөвлөлтийн оролцоотой салах ёс гүйцэтгэсэн хурдан эрч нь коммунист үзэл суртлын бааз дээр соёл иргэншлийн дэвсгэр бүхий нэгдэн нягтрах үйл явц энд огт байгаагүйг харуулж байна.
Ийнхүү түүхийн онолчдын нэгтгэсэн сүүлчийн бүдүүвчүүдэд хэдийгээр улс орон – соёл иргэншлийн тодорхой судалгааны үндэслэл байхгүй хэдий ч Монгол нь янз бүрийн бүс нутгуудаас гарсан лугшилт нөлөөлөх идэвхигүй объект болон ордог билээ.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ БА ТАЙЛБАРУУД
1.Энд болон цаашид Монгол гэдэгт орчин үеийн Монгол улстай хил хязгаарын хувьд давхцаж буй улс орон, газар нутгийг ойлгох болно. Энэ нутгийн дотоодод, мөн түүнчлэн гадаадад Монголын, Монгол, Хамаг Монгол Улс, Монголын эзэнт гүрэн, Буриад монгол, Дотоод монгол гэх мэтийн үг орсон өөр газар нутаг байсан ба байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй авч энэ нэр томъёог өөрөөр ойлгох нь ашиггүй юм.
2. Энд “тусгаарлагдсан” гэсэн зангилаа гэсэн түлхүүр үгэнд “соёл иргэншил” нэр томъёог монголчуудтай холбон хэрэглэсэн байна. Жишээлбэл, В.Хайссигийн бүр 1964 онд бичсэн “Heissig W. A Lost Civilization : The Mongols Rediscovered ( trans. 1966 Thomson, D.J.S.) London, Thames & Hudson
3. В.Хейссигийн дурдсан номтой ижил нэртэй Ж. Бекерийн ном бас бий: Becker, J. The Lost Countru. Mongolia Revealed. Britich Library C.I.P. 1992.
4. Ewig T.E. Between the Hammer and the Anvil ? Chenese and Russian Policies in Outer Mongolia, 1911 – 1921, Bloomington, Indiana: Research Institute for Inner Asian Studies, 1980.
5. Mongolia in Transitnion . Old Patterns , New Challenges. Edited by Ole Bruun and Ole Odgaars. Nordic Institute of Asian Studies. Studies in Asian Topics , Curzon. 1996, p.5.
6.Хятадын түүх. (История Китая). А.В. Меликсетовын редакци. М., Москвагийн их сургуулийн хэвлэлийн газар, 1998, 271 дэх тал.
7. Мөн тэнд, 275 дахь тал
8. Дорнын түүх, История Востока. Т.III. Дундад зуун болон шинэ үеийн зааг дахь Дорно дахин. XYI – XYIII зуун. Оросын шинжлэх ухааны Академийн “Дорнын утга зохиол” хэвлэлийн пүүс. 1999, 569 дэх тал.
9. Желязняков. А.С. Монголын үзэгдэл (Монгольский феномен). “Ази, африк өнөөдөр” , 1992, ¹ 2: Way of the Urga. – Asia and Africa Today. 1992, ¹ 3; Baggrunden for filmen “Urga”. – Ger, Dansk Mongolsk Selskad, 1995, ¹ 14,.
10. Сюй Тао. Хятад ба умрын “бүдүүлэгчүүд” (МТӨ III- МТ YI зуун): ард түмннүд ба соёлын харилцан үйлдэл. Түүхийн шинжлэх ухааны эрдмийн зэрэг горилсон бүтээлийн хураангүй. М. Москвагийн их сургуулийн дэргэдэх ази, Африкийн орны институт, 1996, 21 дэх тал.
11. Мөн тэнд . 8 дахь тал
12. Сюй Тао өөрөө гар бичмэлтэй нь танилцаж байсан “профессор Юй Сисянь –ийг оролцуулаад БНХАУ –ын тэргүүлэгч эрдэмтэд хятадын соёлын асуудлуудаар нэгтгэн дүгнэсэн суурь бүтээлүүдэд” энэ хандлага ажиглагддаг гэж тэмдэглэсэн байна. – Сюй Тао. Хятад ба умрын “бүдүүлэгчүүд”. 21 дэх тал.
13. Мөн тэнд. 21 дэх тал.
14. Мөн тэнд. 21 – 22 дахь тал.
15. Орчин үеийн соёл иргэншлийн (харьцуулсан) судалгаанд “нүүдлийн иргэншил” гэсэн ойлголтыг хэрэглэдэггүй. Нүүдлийн соёл иргэншлийн талаарх олон тооны бүтээлүүд нь эдгээр судалгаанаас тусгаар байдаг. Гэхдээ Хятад болон Монголд амьдран байсан нүүдлийн нийгмүүдийг судлахад соёл иргэншлийн хандлагын зарчмуудыг ашигласан бүтээлүүд Баруунд болон Японд цөөнгүй бий.
16. Нөхөн баяжуулах сурвалж маягаар дараах бүтээлүүдийн заримынх нь нэрийг ч хүртэл ашиглаж болно: Wittfogel K.A.,Feng Ch”ia-Sheng. Hestory of Chinese Society Liao ( 907- 1125 ) . American Philosophical Society,Philadelphia, 1949; Wittfogel K.A “ Public Office in the Liao Dynasty and the Chinese Examination System “ HJAS 11 (1947), pp. 12 – 40; Eberhard W. Das Toba-Reich Nordchinas . Leyde, 1949; Serruys H. The Mongols of Kansu during the Ming. Extrail des Melanges Chinois et Bouddhiques. Publies par L’ Institut Belge des Hautes Etudes Chinoiises,. v. X, Bruges ( Belgique ), 1955; Ecsedy I. Cultivators and Barbarians in Ancient China. –Acta Orientalia Hungarica. Budapest, 1974,v.28, fasc. 3; Barfield Th.J. The Hsiung-nu Imperial Confederacy .Organization and Foreign Policy. –Journal of Asian Studies, 1981, v. XLI, n. 1; Buruham Ph. Spatial Mobility and Political Centralization in Pastoral Soceity. –Pastoral Production and Soceity . P., 1979; Irons W. Political Stratification Among Pastoral Nomands. –Pastoral Production and Society . N.-Y., 1979, Барууны эдгээр эрдэмтдийн заримынх нь байр суурийг Е.И. Кычанов нухацтай авч үзсэн. Е.С. Кычановын “Хүннүгээс Манж хүртэлх нүүдлийн улсууд” М., “Дорнын утга зохиол” , 1997, 264 – 302 дахь тал.
17. Шпенглер. Дурдсан бүтээл. 164 – 165 дахь тал.
18. Кычанов. Е.И. Хүннүгээс Манж хүртэлх нүүдлийн улсууд. М. “Дорнын утга зохиол”, 1997, с. 301.
19. Krader L. The Origin of the State among tne Nomads of Asia. – Pastoral Production and Society. P,. 1979, p. 233
20. Энэ холимог соёл иргэншлийг дэлхийн түүхийн нэрд гарсан бүдүүвчүүдэд хүлээн зөвшөөрөөгүй. Энд зохиогчид түүх – гүн ухааны маш чухал сэдэвт тулж ирсэн бөгөөд гагцхүү хэт явцуу материал дээр зогсоход хүрсэн мэт байдаг. Жишээлбэл, Л. Амбис хагас нүүдлийн, хагас суурин эртний манжуурын соёл иргэншлийн тухай шууд хэлсэн байдаг. – Hambis. L. The Ancient Civilization of Manchuria. – East and West , Roma, 1956, v. 7, n. 3.
21. Г. Чулуунбаатар. Нэг улс, хоёр соёл ирнэшил. Өчигдөр, өнөөдөр, маргааш. “Бодрол, бясалгал”, 1995, ¹ 1 – 2, 31 – 39 дэх тал.
22. Кычанов. Е.И. Хүннүгээс манж хүртэлх нүүдлийн улсууд. М. “Дорнын утга зохиол”, 1997, с. 268 – 269, 273, 302.
23. Тойнби.А.Ж.. Түүхийн өрнөл. Эмхтгэл. Англи. орч. М. Прогресс, 1991, с. 275.
24. Bell Ch.. Tibet. Past and Present. Oxford , 1924,.p. 25-26
25. Snellgrove D., Richardson H. A Cultural History of Tibet. Shambhala, Boston & London, 1995, p 149 , Stein R.A. Tibetan Civilization Stanford University Press. Stanford , 1972, p. 81
26. Richardson H. Tibet and ist History. London, Oxford University Press, Toronto, Melbourne, 1962, p. 41
27.Stein R.A. Tibertan Civilization . Stanford University Press. Stanford, 1972, p. 54
28. Snellgrove D., Richardson H. A Cultural History of Tibet. Shambhala , Boston & London, 1995, p.151.
This work was supported by the Research Support Scheme of the Open Society Support Foundation , grant ¹ 1397/1999.