52 орны 344 жүдоч өрсөлдөж буй “Анталья 2018” гранпри тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Манай улсаас зөвхөн эрэгтэй жинд найман бөх барилдаж байгаа бөгөөд 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нарын барилдаан үлдээд байна.
90 кг-д 24 бөх барилдаж байгаагаас Г.Алтанбагана эхний тойрогт хийлж, эзэн орны бөх Ефемгил Батухантай барилдахаар оноолт таарсан байна.
100 кг-д Л.Отгонбаатар Бразилийн бөх Ленардо Гонсалвесийг ялж, дараагийн тойрогт Австрийн Боелертэй барилдахаар боллоо. Энэ жинд нийт 32 бөх барилдаж байгаа бөгөөд манай бөх “В” хэсэгт багтжээ.
+100 кг-д барилдаж буй Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, Турк, Кубийн бөхчүүдийн аль хожсонтой нь барилдана. Энэ жинд нийт 26 бөх барилдаж байна.
Антальяагийн тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 22:00-с эхэлнэ.
52 орноос 20 нь ямар нэгэн медаль хүртээд байна. Косово, Швед тус бүр хоёр, Гүрж, ОХУ, Турк, Австри, Португал тус бүр нэг аваргатай болсон.
Манай улсаас 60 кг-ын жинд Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртээд байна.