Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа. Айлчлалын хүрээнд тус улсын “TOKI” (Нийтийн орон сууцны байгууллага)-ын Ерөнхийлөгч Эргүн Туран, зөвлөх Адил Чалишкан нар өчигдөр Төрийн орон сууцны корпорацид зочлов. Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй зочдод ТОСК ТӨҮГ-ын хэрэгжүүлсэн хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулсан бөгөөд хоёр тал цаашид хэрхэн хамтарч ажиллах тал дээр харилцан санал солилцлоо. “TOKI”-гийн Ерөнхийлөгч Эргүн Туран энэ үеэр хэлэхдээ, “Ах дүүгийн найрамдалтай Монгол Улсад анх удаа айлчлан ирж буйд баяртай байна. Бидний зүгээс танай байгууллагатай нягт уялдаатай хамтран ажиллахыг хүсч байгаа бөгөөд Монгол Улсад бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бүтээн байгуулалтыг хамтдаа хийхэд таатай байх болно” гэлээ.