Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр нийслэлийн Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа.
Ингэснээр Төрийн тэргүүний нийслэлийн иргэдтэй хийх уулзалт өндөрлөж, орон нутгийн уулзалт маргааш Төв аймагт үргэлжлэх юм. Нийслэлийн долоон дүүрэг, 12 аймагт хийсэн уулзалтын статистикаас харвал аймаг, нийслэлийн уулзалтын үеэр 15 мянга гаруй иргэн Төрийн тэргүүний уулзалтад оролцож, 2500 гаруй иргэн санал хүсэлтээ биечлэн болон бичгээр илэрхийлсэн байна.
Эдгээр уулзалт санал хүсэлтийн дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмж, халамжийн асуудал байсан тул Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулж, тэтгэврийн тогтолцоог шинэчлэхээс гадна тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар санал боловсруулж, эрчимтэй ажиллаж байгаа гэж Төрийн тэргүүн Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр хэлсэн юм. ТУХАЙЛБАЛ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Бидний уулзалтын эхний үр дүнгүүд гарч байгаа. УИХ, Засгийн газар зарим асуудлаа эргэж харж байгаа. Жишээ нь, Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байна. Та бүхний илэрхийлж буй асуудлууд хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжин та бүхний сонгосон хүмүүст хүрч байгаа. Ялангуяа, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлууд сонгуулийн өмнө их яригдаж байсан, одоо ч миний уулзсан газар бүр ярьж байна. Өнөөдөр нийт тэтгэвэр авч байгаа гурван хүн тутмын хоёр нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ болох 220 мянган төгрөг авдаг. Ахмадууд 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэврээр амьдрахыг энэ нийгэм тулгаж байна. Гэхдээ бид ирэх дөрөвдүгээр сарын 5-нд буюу УИХ-ын Хаврын чуулганы нээлтээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргээч ээ, гэсэн саналыг УИХ-д өргөн барина. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Үндэсний тэтгэврийн тогтолцооны чиглэлээр ажил хийж байна. Богино хугацаанд ахмадуудынхаа тэтгэврийг үлэмж хэмжээгээр буюу доод хэмжээг 500 мянган төгрөг болгох боломжийг судалж, УИХ-д санал оруулахаар эрчимтэй ажиллаж байгаа. Тийм учраас та бүхэн ч гэсэн УИХ-ын гишүүдээ тойрогтоо ирэхэд энэ асуудлыг дэмжээрэй гэж хэлээрэй” хэмээн хүсэв.
Багануур, Налайх дүүргийн иргэд уулзалтын үеэр нүүрсний уурхай, бие даасан хот болох, Их, дээд сургуулиудын бүс болох зэрэг дүүргийнхээ зарим онцлогтой уялдсан асуудлыг ярьж байсан ч нийтлэг хөндөж байгаа асуудал нь мөн л тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, ажилгүйдэл, өр, зээл, зээлийн хүү гэх мэт асуудал байлаа.
Багануур дүүргийн 5-р хорооны иргэн Д.Батбаяр:
Бид газар доор байгаа баялгаасаа хүртэх боломжгүй болсон байна. УИХ-ыг татан буулгах хүсэлтэй байгаа хэдий ч болдоггүй юм гэхэд буруу үйлдэл хийсэн УИХ-ын гишүүдийг тойрог, тойргоос нь буцаан татдаг эрхийг иргэдэд олгомоор байна. Түүнээс гадна сүүлийн 10 гаруй жилийн турш Багануур дүүрэгт оюутны хотхон барина гэж ярьсан. Дөрвөн ч Засгийн газар дамжсан энэ асуудал одоог хүртэл тодорхойгүй байна. Тиймээс цаашид хэрэгжих эсэхийг нь тодорхой мэдмээр байгаа юм. Учир нь, хэдийнээ оюутны хотхон барина гээд 10 га газар ямар нь мэдэгдэхгүй байгууллага авчихсан байгаа. Барихаар бол бариад барихгүй гэвэл энэ газрыг чөлөөлж, иргэдэд өмчлүүлмээр байна.
Налайх дүүргийн иргэн:
Та бол Монгол Улсын хамгийн эрхэм, өндөр албан тушаалд байгаа хүн. Тиймээс үр хүүхдээ эргэж яваа эцэг хүнтэй адилтган үзээд үгээ хэлмээр байна. Манай улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээ, мэдээлэл үзэхээр их л хэцүү зүйлс сонсогдож байна. Энэ бүх асуудлын эх нь шүүх, прокурор байна гэж би үздэг. Тэд худал хуурмаг байгаагүй бол улс, эх орон ийм хэмжээнд байхгүй байх байсан. Энэ шүүх эрх мэдлийн байгууллагаа шинэчлэх хэрэгтэй. Мөн оффшор гээд л яриад байна. Бид 1990 оноос бүгд л ижил гараанаас гарсан. Энэ их хөрөнгөтэй болсон хүмүүс дандаа улсын мөнгө идэж, уусан хүмүүс байгаа. Тэр мөнгөө оффшор дансандаа хийсэн л хүмүүс байх. Гэтэл та хугацааг нь сунгаж, тэдний толгойг илээд байгаа юм шиг санагдах юм. Маш идэвхтэй даруй шийдвэрлэж, хөрөнгийг нь оруулж ирээд улсын өр дарахад зарцуулахад буруу зүйлгүй гэж бодож байна.
Багануур дүүргийн иргэн Л.Баатарсүрэн:
Өнөөдөр Монгол Улсаас гадаадад ажилчин нэртэй хөдөлмөрийн насны, цэргийн насны олон сайхан залуус явж байна. Хэдэн зуун залуус жагсаж, дараалж байгаад явж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эзгүйдүүлж байна. Үүнд Монголын төр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, ямар нэг үйлдвэр, үйлчилгээ эрхлэхэд Хятадын хамааралгүйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явагдахгүй байна. 90 жилийн түүхтэй барилгын салбар, эрчим хүчний салбарын шилдэг инженерүүд нь яасан юм бэ. Монгол Улсын тусгаар тогтнол үнэхээр эмзэг байна. Төрийг ард түмэнд нь эргүүлж өгөх хэрэгтэй.
Налайх дүүргийн Тоосго үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Алтангэрэл:
Налайхад 20 орчим тоосгоны үйлдвэр байдаг. Сүүлийн 20 орчим жил манай тоосгоны үйлдвэрийн захирлууд налайхчуудыг ажилтай, орлоготой байлгахын тулд өдийг хүртэл чадах ядахаараа ажиллаж ирлээ. Хийсэн бүтээсэн зүйл зөндөө бий. Тухайлбал, манай дүүрэг жилдээ нийслэлээс дөрвөн тэрбум төгрөгийн татаас авдаг юм байна. Гэтэл манай тоосгоны үйлдвэрүүд нийлээд ажилчдадаа дөрвөн тэрбум төгрөгийн цалин олгосон байдаг. Налайхын хөдөлмөрийн насны иргэдийн 20 орчим хувь нь тэдгээр тоосгоны үйлдвэрүүдэд ажилладаг. Гэвч маш олон бэрхшээл байсаар байна. Хэрвээ төр засгийн бодлого гэж байдаг, тэр нь зохицуулалттай байдаг бол ажил олгогчдыг жаахан харж үзмээр байна. Гэтэл төр, засгийн зүгээс үйлдвэрийг чинь хаана, торгоно, лацдана л гэх юм. Таныг бизнесийн салбараас гарч ирсэн учраас бидний жаргал зовлонг ойлгоно гэж бодож байна. Жишээ нь, өнөөдөр бид уул уурхайн ангиллаар цахилгааны төлбөр төлдөг. Алт, зэс, нүүрс зэрэг бүтээгдэхүүн нь валютаар үнэлэгдэж байгаа үйлдвэрүүдтэй адил хэмжээний төлбөрийг төлөх хүнд байна. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байна гэдэг нэрээр бидний цахилгааны төлбөр маш өндөр гарч байгаа юм. Тэр хэрээр бүтээгдэхүүний бодит зардал өсч байна. Тиймээс энэ асуудалд анхаарч өгөөрэй гэж танаас хүсмээр байна.
Багануур дүүргийн 4-р хорооны иргэн Раднаабазар:
Банкны зээлийн хүүг бууруулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, залуу гэр бүл 40 сая төгрөгийн ипотекийн зээл аваад бараг 30 сая төгрөгийг зээлийн хүүнд өгч байна. Энэ биднийг туйлдуулж байна. Тиймээс банкны зээлийн хүүг бууруулах асуудалд онцгой анхаарч өгөөч. Залуу эмч, багш нарыгаа дэмжих хэрэгтэй. Байгаа цалингаа зээлэндээ өгч, өсч дэвжиж чадахгүй байна шүү.
Багануур дүүргийн 4-р хорооны иргэн Жамъяндорж:
Би их сургуулиа төгсөөд л энд ирж ажилласан. Насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан. Миний хань бурхан болоод гурван жил болж байна. Тэтгэвэр авдаг байхдаа зээл авч байсан юм. Нас барсных нь дараа би түүнийхээ тэтгэврийн зээлийг өөрийнхөө тэтгэврээр эргүүлэн төлж байгаа ийм нэг иргэн байна. Би ажил амьдралын хувьд ядарсан хүн байгаагүй юм шүү. Таныг хэлсэн үгэндээ эзэн байж, амласан зүйлсээ биелүүлээрэй гэж захимаар байна.
Налайх дүүргийн 2-р хорооны иргэн О.Алтансувд:
Би сүүлийн үед өөрийнхөө нутагт амьдраад байна уу, эсвэл хүний нутагт амьдраад байна уу гэж бодох боллоо. Надад эх орон байна уу, төр гэж байна уу Ерөнхийлөгч өө. Миний өвөг дээдэс цусаа урсган байлдаж байж энэ эрх чөлөөг олж авсан, бидний үеийнхэн хөлсөө урсгаж байж улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан. Гэтэл бид өнөөдөр хэдэн төгрөгийн тэтгэвэр авч байгааг та бүхэн мэдэж байна уу. 251 мянган төгрөг. Энэ бидний авах ёстой мөнгө мөн гэж үү? Цагтаа би цалингаа хүртэл авдаггүй, дараагийн цалин хүргэдэг байлаа. Харин намайг хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гаргасан. Ингэж тэтгэвэрт гарсан нь миний буруу биш. Одоо тэгээд наснаасаа өмнө тэтгэвэрт гарсан байна гээд хөнгөлөлт эдлэхгүй байна. Ийм зүйлс байна. Бас залуусаа яах юм бэ. Архичин болгоод эсвэл харь оронд хөлсний ажилтан болгоод дуусгах юм уу? Албатгүй төр гэж байдаг. Албатгүй шүү. Тийм болчих вий дээ, бурхан минь. Сая баахан хүмүүсийг Солонгос явуулна гээд бүртгэсэн. Гурван жилээр явуулж байна. Та нар ард түмнийхээ амьдралыг үгүй хийж байна. Гурван жил. Бие холдвол сэтгэл холдоно гэдэг шиг гэр бүлүүд салж, хүүхдүүд өнчирч байна. Араар нь бөөн хятад, вьетнамууд боллоо.