Их л хэцүү санагдаж, шаналж байсан асуудлууд архи ууж мансуурсны дараа “Ѳѳ үхсэн яадаг юм бэ? Бүгдээрээ л адилхан юм байна шүү дээ” гэсэн тайвшрал руу хѳтѳлнѳ. Хүн болгон зовлонгоо ярьж, сонссон хүн бүр “Чи тэгэх хэрэгтэй, ингэх ёстой. Тэгж болохгүй, ингэж ч болохгүй.
Амьдрал гэдэг чинь ийм байдаг юм” хэмээн цэцэрхсэн мансууралдаа улам улмаар согтоцгоож, ухаан санаа нь элий балай болж даамжрах үедээ хэн нэгэн рүү агсамнаж эхэлдэг. Хэт ухаантайдаа хэн нэгэнд дургүйцээд байгаа юм биш, дотоод сэтгэлд шатсан хорслоо зүгээр л хэн нэгэн рүү цацалж асгах гэсэн тэчьяадлаас тэгж агсардаг аж. За тэгээд л хэн ярьж, хэн уйлж, хэн гомдоллож байгааг ялгаж үл чадах хоромдоо нүд нь сүүмийж, тархи нь мансуурч, ухаан мэдрэл нь тасарч, нэг л мэдэх дор хар ангал нүх рүү нисэн унаж байгаа мэт мэдрэмжийн дараа юуг үл санах…
Монголчууд бид дунд сургуульдаа “Зүгээр суу” гэсэн багшийн командын дор зүгээр суусаар байгаад дотоод сэтгэлээ илчилж, бусдад ойлгогдохоор ярьж сураагүй. Уг нь хүмүүст санаа бодлоо ойлгуулж яримаар байдаг, даанч ярьж сураагүй. Түүндээ ичингүйрч хүлэгдсэн сэтгэл, жаахан уусны дараа садран асгарч гарна даа. Түүндээ урамшсан халамцуу хүмүүс зүгээр л зѳнгѳѳрѳѳ яриад яриад байна. Сэтгэл доторх буглаагаа задалж асгах гэж уух шалтгаан нь “Сайхан сэтгэлээ нээж ярьж сууя” гэдэг уриалга юм шүү дээ. Тэр ч бүү хэл манай улстѳрчдийн ажил хэрэг ярихдаа заавал архи задалж халамцаж байдаг нь бас үүнтэй холбоотой. Би заримдаа, энэ монгол хэлний хичээлд тэр их дүрмүүдийг ойлгуулах гэж “тамалж” байхын оронд, санаа бодлоо бусдад ойлгуулж яриулж сургах нь хожим архидах шалтгааныг багасгаж болох ч юм болов уу? хэмээн аргаа баран боддог юм. Ядаж эрүүлдээ санаа бодлоо сайтар илэрхийлж сургавал, эрүүл сэтгэлгээ давамгайлна даа.
Баяр болгоноор зохион байгуулалттайгаар архидацгааж, нэг нь архиар дайлсан бол нѳгѳѳх нь заавал хариу барих “ээлжтэй байх ёстой” гэдэг сэтгэлгээ нь монголчүүд бидний үндэстний бахархал болох янзтай. Ядуу хэцүү байгаагаа гайхаж гомдоллох атлаа баяр болгоноор яаж ийгээд л тансаглаж, согтож шогтсон үйлдэл бүхнээ “Бидний амьдрал ядуу, бас хэцүү байгаагаас…” хэмээн зѳвтгѳдѳг нь монголчууд бидний муухай араншин. “Архи уухгүй бол дотно найзгүй болно” гэдэг философи ч бидний үндсэн дүрэм болох бололтой. “Хундаганы үг хэлэхгүй бол архидалт, хундаганы үг хэлбэл арга хэмжээ” хэмээх социализмын үеийн хошигнолоор бидний амьдралын бэлэгдэл хундаганы үгийн хэллэгээр хэмжигдэх болох нээ. Яг эрүүлээр харах юм бол бидний архидалт хэр хэмжээнээсээ хальж байнаа. Мэдээж бүх хүнийг хамраагүй боловч, дийлэнх олонхийг хамарч байна.
“Цэргийн баяр”-аас ѳмнѳ муу ёрын юм бичлээ хэмээн уурсах гэж байгааг тань ойлгож байнаа. Янз янзаар ойлгох гэвч, зѳвтгѳх шалтгаан тун бага байна. Бид хэдийчинээн ууж мансуурах тусам, бидний сэтгэл тэгж л хѳлчүү байж, бидний амьдрал улам л дорд муухай харагдаж, бидний найз нѳхѳд үнэ цэнэгүй болсоор байх болно. Чи ч бас үнэ цэнэгүй болж эхэлдэг. Халамцуугаар харсан нүд сѳлѳр байж, халамцуугаар ярьсан яриа бүхэн худлаа болж, архины найзууд хуурамч санагдаж, амьдрал тэр чигтээ утгагүй бодогдож эхэлбэл яана.