Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14 цагт Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох гэж байна. Хоёр талын өмгөөлөгч Улаанбаатар хотод байгаа тул Ховд аймагт болох шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байгаа гэнэ. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлын байранд тус шүүх хурлыг цахимаар явуулахаар болжээ. Сонгууль бүрээр л мөнгө тараасан, санал худалдан авсан, хүн зөөсөн гэх мэт паянгууд нь хөвөрч байдаг Хурдын Чойжоогийн ээлжит сонгуулийн паянг дэнслэх шүүх хурал ийнхүү товлогджээ.
Б.Чойжилсүрэн гэх эрхэм 3 удаагийн сонгуульд оролцсон бөгөөд оролцсон сонгууль бүртээ л дээрх асуудлуудаар хэл ам тарьж, шүүх хуулийн байгууллагын хаалгыг татдаг зуршилтай нэгэн.
Тодруулбал өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахууд иргэдэд мөнгө тараасан гэх асуудал нэг хэсэгтээ дуулиан дэгдээсэн билээ. Увс аймгийн Тариалан сумын иргэн Х.Баярсайхан, З.Мөнхнасан, Ч.Бат-эрдэнэ, М.Шинэн, Ч.Сосорбарам, Ж.Далай, М.Хүүхээ, Ж.Жавзан, Б.Долгор, М.Нүүдэл, Н.Бурмаа, М.Отгонхүү, М.Шижгэрбат нар уг асуудлыг баримтаар илчилж, хуулийн дагуу урамшуулал авахыг шаардаад байсан. Тиймээс Сонгуулийн Ерөнхий Хороо тэдгээр нэр бүхий 13 иргэнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.29-д заасны дагуу тухайн сонгогчид тараасан мөнгөн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 13 сая төгрөгийг олгож, түүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Б.Чойжилсүрэн сонгогдохын тулд мөнгө тараасан гэх мэдээллийг баталгаажуулж байв.
Б.Чойжилсүрэн гэх энэ эрхэмийг 2008 оны сонгуулиар 10 мянган төгрөг тараасан гэх асуудал дуулиан тариад өнгөрснийг Увсын ард түмэн төдийгүй нийт Монголчууд мэдэж буй. Сурсан занг сураар боож болохгүй гэдэг шиг энэ мэт дараа дараагийн сонгуулиудын хууль зөрчсөн, шударга бус өрсөлдсөн гол дуулианы эзэн нь Б.Чойжилсүрэн байсаар ирсэн гэх. Энэ удаад ч эрхэм гишүүн “дархан” мэхээрээ өрсөлдөгчөө аргалсан бололтой. Энэ нь дээр дурдсан “царцаа”-ны асуудал байсан юм. Увс аймгийн сонгогчдын саналд нөлөөлж, тэдний өмнөөс төрийн түшээдийг нь сонгосон “царцаа”-нууд нь Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн комданиудын ажилтнууд гэх яриа ч гарсан байна лээ.
2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн Увс аймаг дахь 31 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн нь санал авах зорилгоор Улаанбаатар хот болон бусад орон нутгаас “царцаа” зөөж сонгогдсон нь Сонгуулийн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоох шүүх хурал юм байна. Увс аймаг дахь 31 дүгээр тойрогт Увс аймгийн Сагил, Давст, Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан сумд болон Улаангом сумын 3, 7, 8, 12 дугаар багууд харъяалагдсан бөгөөд Б.Чойжилсүрэн нь Улаангом сумын 3 дугаар багаас бусад 9 хэсэгт нь ялагдсан боловч тус багт шилжин ирсэн сонгогчдын саналаар сонгогджээ.
Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуульд шилжин очоогүй буюу Увс аймгийн тухайн сумдын иргэд бол 2 санал буюу УИХ-ын гишүүнээ болон Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөө сонгохоор хуульчилсан байна. Энэ дүнгээр бол Чойжоо маань өрсөлдөгчөөсөө 1178 хүнээр бага санал авсан буюу Увсын иргэдийн саналаар бол ялагджээ. Харин шилжин очсон “царцаа” нар бол зөвхөн УИХ-ын сонгуульд л саналаа өгөх боломжтой юм байна. Улаангом суманд л гэхэд 2345 сонгогч шилжин ирж саналаа өгсөн байгаа нь тус сумын нийт сонгогчдын 20 хувийг эзэлж байна. Б.Чойжилсүрэн нь тус тойргийн сонгогчдын 51%-ийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч АН-аас нэр дэвшсэн О.Цогтгэрэл 48%-ийн санал авсан байна.
Энэ нь Увс аймгийн жирийн иргэд, сонгогчдын эрх ашгийг ноцтой зөрчиж буй бөгөөд нөгөө талаараа өрсөлдөгч нам, эвслийн нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэдгийг олон хүн хэлж байна. Хэрэв Увсчууд шударгаар өрсөлдөж “царцаа”-гүй сонгууль явуулсан бол 31 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Цогтгэрэл 1187 хүний саналаар ялах байлаа гэж ярьж байна.
Ингээд Увс аймгийн сонгогчдын саналд нөлөөлж, тэдний өмнөөс төрийн түшээдийг нь сонгох сонгуулийг шийдсэн гэх “царцаа”-нуудыг сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэсэн нь хуульд нийцсэн эсэх, тухайн тойрогт явуулсан санал хураалт хүчинтэй эсэхийг дэнслэх шүүх хурлыг хүлээх л үлдлээ