Юунд ч сүсэглэж биширдэггүй мухар хар толгойтон байснаас ямар нэгэн зүйлд сүсэглэдэг бол, ядахдаа газар дэлхий, уул усаа дээдлэн шүтэж явах нь дээр л дээ. Гэхдээ мухар сохроор, гэнэн тэнэгээр сүсэглэх нь бүр огт шүтлэггүй байснаасаа ч долоон дор юм.
Гарсан нөхдүүд таваг тавгаар нь боов, сав саваар нь сүү, цай, уут уутаар будаа, тос цацаад байхаар чинь тэр ариун дагшин байх учиртай уулын орой тэргүүн зүгээр л нигширсэн үнэртэй хогын овоо болж орхих юм аа. Арай дэндүү, даанчиг хайран. Уул усаа сүсэглэж байгаа энэ үү,
Уул хайрханыхаа эзэн савдгыг баясгаж байгаа нь энэ үү. Ханаж цадахгүй идэштэй, татаж баршгүй шуналтай амьтад биш ээ. Дуслаар бүтэн жил хооллож, үнэн сэтгэл мөн чанарт сэргэдэг хий биетэн. Арц хүж, агь ганга гээд аль сайхан ариун дагшин үнэртнээр хөллөж баясдаг тэр хий биетнүүдийг энэ их хөглөрсөн, хог новш нигширсэн үнэрээр цаг үргэлж утаад байхаар баярлаж, ивээнэ гэж яаж хэрхэн бодоо вээ? Өөрсдийнх нь хамарт муу усны хоолойг шургуулчихаад авахгүй өдөр шөнөгүй байлгаад байвал баярлах уу, багтарч үхэх үү? Цаад уул хайрхадын лус савдгууд чинь түүн шиг л хэцүүдчихсэн байгаа. Энэ их баярхуу өргөл цацалд чинь баярлах, баярлаад хишиг буянаа хайрлаж буй нь юу л бол. Харин ч харааж зүхэж, үгээ барж суугаа байлгүй. Уг нь үнэр гээч юм нь бодит болоод бодигүй аливаа биетийн сэтгэл сүнсэнд хамгийн хүчтэй нөлөөлдөг мэдрэмж юм шүү дээ. Гэтэл манай эрхэм хүндэт шүтлэгтнүүд хамгийн ариун дагшин байлгах газраа нигширч хөглөртөл хог болтол нь өргөл өргөж байна. Бурхан Халдун ууланд өнгөрсөн гурван сард очиход дээд овооны тахилын ширээ нь нүд хальтрим байсан. Хэр чадлаараа цэвэрлэсэн. Дунд овооны тогоо орчимд жаахан амраад суух гэтэл муухай үнэр нь суулгаагүй. Доод овоонд хонох гэтэл хонох цэвэр газар олдоогүй. Ариун дагшин газраа хог новшоор булчихаад хиймор золбоогоо сэргээлээ гэж бодож буй бол ёстой лөөлөө шүү дээ. Хэрвээ ямар нэгэн юм сэргэсэн бол хулгай хийх, худал хэлэх, завших, шунах гэх мэт муу муухай ид чадал л сэргээ биз. Муухай үнэрт газарт муу юм л цугладаг. Сая цагааны дараа Хийморийн овоо, Шилийн богд, Бурхан Халдуныг хогоор дайлсан олон зуу мянган сүсэгтнүүдээ…
Баянзүрх хайрханы орой дээрх овоо ч мөн ялгаа алга. Салхин доогуур нь гарвал сэвтэж мэдэхээр үнэртэй болжээ. Юун ариун дагшин газар вэ? Одоо дулаарахаар муухай үнэр нь улам нэмэгдэх биз. Өнөөдөр харж байхнээ нь нэмээд л уут уутаар нь боов, сав саваар нь сүү аваачиж байна. Тэр хог овоорсон газрааслав лус савдаг хэдийнэ дайжаад, муу үнэрээр цаддаг муу бирдүүд л цуглаа биз.
Энэ олон лам бөө нар, манай шашны хийдүүд, хутагт хувилгаад нэг юм бодмоор оо. Энэ сүсэгтэн нэртэй мунхагууддаа уул овоогоо хэрхэн шүтэж өргөл дээжээ өргөж байх талаар жаахан ч болов учир мөнийг хэлж өгч, ойлгуулж байхгүй бол хамаг уулын орой хогын цэг болж хувирлаа. Архи, ундааны шил, гялгар цаас энэ тэр гээд хог ч их.
Энэ байгал хамгаалдаг газрууд, холбогдох Яам тамга нь энэ олон сүм хийдийнхэнтэйгээ нийлж байгаад уул овоонд өргөл тахилга өргөдөг журам заавар, хууль гаргаж, энэ мухар сүсэгт хүлэгдсэн сүргүүдэд учир шалтгааныг нь сайтар хэлж ойлгуулж байхгүй бол удалгүй хамаг лус савдгууд дайжиж мэдэхээр болсон байна шүү. Заримдаа хэлэх үг ч олдохгүй юм.