Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 8-нд гурван эмэгтэй өөрсдийн эрхээ хамгаалуулахаар Сүхбаатарын талбайд хагас нүцгэн жагссан. Тэгвэл энэ жил Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Иргэдийн шударга шүүх ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” цуглааныг зохион байгуулах аж. Тус холбооныхон “Цуглааны зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсооход чиглэнэ. Манайд сүүлийн үед өсвөр болон бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх хэрэг их гарах болсон байна. Үүнийг мөн давхар эсэргүүцэж жагсана” гэлээ. Энэ өдрийн цуглаан орой 20.00 цагт хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан эмэгтэйчүүдэд болон хүүхдүүдэд зориулж 100 зул өргөснөөр өндөрлөх гэнэ.