Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаагийн дээд сургуулийн 341 дүгээр дамжааны сонсогч Г.Анхсайхан, 343 дугаар дамжааны дэд түрүүч Б.Бадрахбаяр, сонсогч Ц.Билгүүн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үйлдвэрлэлийн дадлага хийж байхдаа энэ сарын 23-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдээд, оргон зайлсан этгээдийг халуун мөрөөр нь шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ.
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан эдгээр сонсогчийн ур чадвар, хичээл зүтгэлийг үнэлэн “Баярын бичиг”-ээр шагнаж урамшууллаа. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж яваа сонсогчдод сургуулиас нь бас баяр хүргэсэн юм.