МСНЭ-ийн XVII их хурлын үр дүнгээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг 21 аймагт хүрч ажиллахаар аян замдаа гарчээ. Тэд ажлын гараагаа энэ сарын 26-ны өдөр Эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутгаас эхлүүлэв.
Ажлын хэсгийнхэн орон нутгийн салбар зөвлөлүүдээ байртай болгох, хөрөнгө санхүүг бэхжүүлэх, сэтгүүлчдийнхээ ажил амьдралыг газар дээр нь очиж судлах, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, салбар байгууллагын бүтэц зохион байгуулалтаа сайжруулах, аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг зорилт тавин ажиллаж байгаа гэлээ.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ үеэр тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба МСНЭ-ийн Хэнтий аймгийн салбар зөвлөлийг ажиллах орчин нөхцлөөр дэмжиж, албан ажлын өрөөгөөр хангахаар боллоо. Мөн Байгаль экологи, аялал жуулчлалын мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх сургалт зохион байгуулах, гарын авлага эрхлэн гаргах төслийг Хэнтий аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэх шинэ санаачлага гаргаж, хоёр талаас ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон аж.
Эл өдөр МСНЭ-ээс “Ган үзэгтэн” шагналаар ахмад сэтгүүлч И.Байгалмааг, МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”-аар Хэнтийн мэдээ сонины эрхлэгч, МОНЦАМЭ агентлагийн Хэнтий аймаг дахь сурвалжлагч Д.Одонтунгалаг нарыг шагнаж урамшуулав.