Сайд Д.Сумъяабазар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппелийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар Монгол Улстай уул уурхайн салбарын боловсон хүчин бэлтгэх тал дээр ХБНГУ хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.
Тэрбээр мөн “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хийсэн. Уг хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн 6 дугаар хуралдааныг энэ оны 5 дугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар болсон талаар дуулгав.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс гадаад хамтын ажиллагааны уламжлалт найрсаг харилцааг үргэлжлүүлж, хууль эрх зүйн таатай, тогтвортой орчныг бүрдүүлэн, хөрөнгө оруулалтыг татан оролцуулах бодлого баримталж буйг хэллээ. Тиймээс уул уурхайн олборлолт, боловсруулалтын салбарт Герман улстай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
Элчин сайд Штефан Дупелл УУХҮ-ийн сайдыг цаг үеэ олсон чухал уулзалт хийж буйд талархаад, “Энэ жил Монгол Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн анхны төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд гарна. Мөн Политехникийн коллеж дээр уул уурхайн салбарт хамгийн эрэлттэй мэргэжил болох мехатроникийн ангийг нээсэн. Цаашид мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг судалж байна” гэлээ.