Төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 15-нд дуусна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц байдал 86 хувьтай байгаа аж.
Тэгвэл төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд нь мэдүүлээгүй тохиолдолд шат дараалсан шийтгэлүүдтэй болохыг албаныхан мэдээлж байна.
Хуульд заасан хугацаа хожимдуулсан хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах, хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, худал мэдүүлсэн бол албан тушаалыг нь бууруулах, мэдүүлгийг гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас халах хүртэл арга хэмжээ авдаг байна.