Хэнтий аймагт дулааны станц, дулааны төв шугам сүлжээ барих асуудлаар Солонгосын талын хөрөнгө оруулагчид болон Эрчим хүчний яамны төлөөллүүд өнөөдөр Чингис хотод хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудтай уулзлаа.
Энэхүү ажлыг Солонгос улсын Эксим банкны хөрөнгө оруулалтаар тус улсын KDHEC компани ТЭЗҮ-ийг хийж 6 дугаар сард эцсийн байдлаар бэлэн болгож Эрчим хүчний яаманд хүлээлгэн өгөх юм байна.
Тиймээс тус албаны хүмүүс Хэнтий аймагт хүрэлцэн ирж бодит байдалтай танилцаж, судалгааны ажлыг хийж байгаа бөгөөд аймаг орон нутгийн зүгээс шаардлагатай мэдээллээр цаг алдалгүй ханган ажиллаж байна.
Хэнтий аймагт шинэ дулааны станц баригдсанаар одоогийн түлж байгаа нүүрсний хэмжээ 2 дахин буурч, тэр хэмжээгээр агаарын бохирдол багасч, дулаан хангамжийн чанар сайжрах ач холбогдолтой юм.