АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг тус газрын үйл ажиллагаанд яг ямар чиг үүрэгтэй оролцдог юм бол гэсэн асуулт иргэдийн дунд байдаг.
Тэгвэл Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд баталсан тус зөвлөлийн журамд Авлигатай тэмцэх газар хараат бус, ил тод нээлттэй ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, АТГ-ын бодлого, үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлыг АТГ-т уламжлах чиг үүрэгтэй ажиллахаар тусгажээ.
Ингээд харвал Олон нийтийн зөвлөл нь авлигатай ч, АТГ-тай ч “тэмцэх” чиг үүрэгтэй гэж ойлгогдож байна. Тус зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүрэлдэхүүнийг дөрвөн жилд нэг удаа шинэчлэн Ерөнхийлөгчийн зарлигаар томилж байхаар хуульчилсан байна. Хамгийн анхны бүрэлдэхүүнийг 2009 онд томилсон ба бүрэн эрхийн хугацаа нь 2013 онд дууссан ч зөвлөлийн дараагийн бүрэлдэхүүнийг 2014 онд томилжээ.
Үнэхээр сайн бөгөөд саар ажиллаж байвал түүнийг нь хэлэх үүрэгтэй. Олон нийтийн зөвлөлийн шинэ гишүүд хариуцлагатай энэ ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэх учиртай.
АТГ-ын үйл ажиллагаа сүүлийн хэдэн жилд эрс идэвхжсэн юм. Энэ хэрээрээ сайн муу, буруу зөвийн дунд шүүмжлэлийн бай болох нь ихэссэн.
Нэгэн үе Авлигатай тэмцэх бие даасан байгууллага шаардлагатай тухай улстөрчид ярьж ухуулдаг байсан бол өнөөдөр тэр байгууллагын эрх мэдэл хэрээс хэтэрч буйг тэд шүүмжлэх болжээ. Тухайлбал, өчигдөр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө авлига авдаг, авлигачдын нэг юм байна. Өнгөрсөн тавдугаар сард АТГ-ын дарга Х.Энхжаргал төрсөн эгчийнхээ хүүхдийг Зүүнхараагийн Төмөр замын засварын газрын даргаар томилсон байна. Энэ бол ашиг сонирхлын зөрчил. АТГ-ыг удирдаж байгаа хүн өөрөө авлигачидтай хуйвалдаж, хадгалж, бөөцийлдөг хүн болсон байна гэж дүгнэхэд хүрч байна. Тиймээс АТГ-ын удирдлагуудыг өөрчлөх ёстой.
2009 онд Монгол Улсын төр, ард түмний өмч болсон “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Жаст” группын эзэн Ш.Батхүү гэх бизнесменд баталгаа гарган Стандарт банкинд барьцаанд тавьсан. Үүнээс болж Английн Хатан хааны дэргэдэх Арбитрын шүүхээс ирсэн бичигт төлбөр тооцоог “Эрдэнэт” үйлдвэр төлнө гэсэн байна. Хэрэв өмнө нь гарын үсэг зурсан хүмүүсийн асуудлыг хуулийн байгууллага шалгаж, тогтоосон бол өнөөдөр бид ийм өндөр төлбөр төлөхгүй байсан.
Энэ мэт шалгаж, тогтоох ёстой хэргүүдийг АТГ шалгахгүй, гэмт хэрэгтнүүдийг хаацайлж байгаа учраас АТГ-ын удирдлагуудыг ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна” гэв.
Угтаа авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхитэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар АТГ-т зөвлөмж өгөх нь Г.Баасан хатагтайн даргалдаг зөвлөлийн үүрэг. Ингэхдээ тус газрын хараат бус, бие даасан байдалд хүндэтгэлтэй хандах учиртай юм.
Түүний хувьд олон нийтийн зөвлөлөөр дамжуулж, АТГ-ын үйл ажиллагаанд ташуур болж, улстөрчдөд чимээ өгч чадаж байгаа нь үнэн. Гэхдээ хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй нь үнэн л бол шүүхээр эцэслэн тогтоогдоогүй асуудлаар хүссэн болгоноо хорьж, шалгаж, цагдах нь ардчиллын нэр биш юмсанж.