Халдун хэмээх нэр Галдан гэдэг үгээс үүсэлтэй
Гурван голын монголчуудын нутаг, гол шүтээн болсон Бурхан Халдун уулын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ 1920-иод оноос эхэлсэн. Бурхан Халдун уулын нэрийн талаар хамгийн анх дурдан судалсан хүн бол академич, доктор Б.Ренчин.
Үүний өмнө улс төрийн зүтгэлтэн, нэрт түүхч А.Амар “Монголын товч түүх” зохиолдоо “Уг газар бол Чингис хааны дээд өвөг Бөртэ Чино, Гуа марал нарын нутаглан суусан газар мөн” хэмээн тэмдэглэсэн нь бий.
Б.Ренчин 1944 онд “Бурхан Халдун гэгчийн үгийн тайлбар” хэмээх жижиг өгүүлэл нийтлүүлсэн. Хожим дэлгэрэнгүй болгож “Монгол дахь Чингис хааны тахилга тайлгын тухай”, “Бурхан Халдуны тайлбар” бэсрэг өгүүллүүдийг 1951, 1959 онд Унгар улсад хэвлүүлсэн.
Монголын томоохон эрдэмтэд XX зууны турш Бурхан Халдунд анхаарал хандуулж ирснээс А.Амар, Б.Ринчен, Х.Пэрлээ, С.Бадамхатан нар голлон судалсан. Тэд Бурхан Халдун нэрийн гарал, тахилга шүтээний зан заншил, мөн Чингис хааны уугуул нутаг хийгээд монголчуудын улс төрийн сэтгэлгээний төв болох талаас нь анхаарсан. Ингэхдээ хүн болгон өөр, өөрийн тайлбарыг өгсөн.
Тухайлбал, Б.Ринчен Бурхан Халдун хэмээх нэрийг тайлбарлахдаа “Дагуур угсаатан нар хөгшин уд модыг онголон тахисныг Бурхан Халдун гэж хэлж ирснээс уламжилсан” хэмээн үзэж, эртний монгол, хамниган нарын шүтлэгтэй холбон тайлбарласан.
Гэтэл доктор Ш.Гаадамба “Шинчи байан” хэмээх үгийн тайлбарт судалгаа хийхдээ Бурхан Халдун Бургасан онгод, шүтээнтэй уул гэж үзсэн. Академич Х.Пэрлээ Бурхан Халдун хэмээх нэр Монголын нууц товчоонд 25 удаа гарч байгааг дурьдаад, Бурхан Халдун нь Хэнтийн уулсын судал Бурхан хада уул юм. Маш өндөрт Хэрлэн, Онон, Туул гурван голын эх газар буюу 109 дүгээр уртраг, 49 дүгээр өргөрөгт оршдог.
Одоогийн Их Хэнтий, Бага Хэнтий хоёрын хооронд Хэнтийн гол нуруунд оролцсон уулсыг ерөнхийд нь Бурхан Халдун уул гэж үзсэн. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь академич Н.Ишжамц халдун хэмээх нь “галдан” гэсэн үгээс ирэлтэй гал голомтын шүтээн, эзэн гэсэн утгатай байх” гэсэн санал дэвшүүлсэн.
Сүүлийн үед сонирхолтой саналууд ирж байна. Тухайлбал, хэл шинжлээч М.Базаррагчаа “бурха” буюу өвгөдийн газар, өвөг дээдсийн нутаг, “халдун” буюу “хатан” хэмээх үгнээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, хаан уул, хатан уул гэсэн утгатай”-г тайлбарласан.
Уугуул шүтээнтэй холбоотой гэдэгт эрдэмтэд санал нэгддэг
Судалгаануудыг харьцуулж үзэхэд Ш.Гаадамба гуайн санал нэлээд үндэслэлтэй. “Монголын нууц товчоо”-нд “Бургасан босгосон Шинчи Байан урианхайн” гэж Бурхан Халдуны тухай дурьдагддаг.
Бургас шүтээн, шүтлэгтэй холбож тайлбарласан байгаа юм. Б.Ринчен гуай ч үүнийг “Уд мод шүтдэг, түүнтэй холбоотой” гэсэн санал дэвшүүлсэн. Бурхан Халдун гэсэн нэр эртний монголчуудын ямар нэгэн уугуул шүтээнтэй холбоотой үүссэн гэсэн үзэл, баримтлалд олон эрдэмтэн санал нэгдсэн. “Монголын нууц товчоо”, Рашид-ад-дины “Судрын чуулган” зэрэг түүхийн тулгар сурвалжид “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чину, Гуа Марал тэнгис далайг гатлан Онон мөрний эх Бурхан халдун уулнаа ирж нутагласан” гэж тэмдэглэсэн нь бий.
Бурхан Халдун уул Чингис хаан, түүний дээд өвөг Бөртэ Чино, Гоо маралын үеэс голомт нутаг. Язгуурын монголчуудын Бидэ улс сууж байсан газар. Язгуурын монголчуудын уугуул нутаг тул уг газрыг олон үеэр тахин шүтэж, хүндлэн дээдлэж ирсэн түүхэн баримт бидэнд бий.
Энэ тухай академич Ч.Далай гуай “Ер нь монголчууд бид Онон, Туул, Орхон гурван голын сав газрыг алтан ургийн үүсч мандсан Монгол нутгийн төв шүтээн газар гэж үзэж үеийн үед дээдлэн хамгаалж явах учиртай билээ.
Монголчуудыг нэгтгэн зангидсан алтан ургийн “араг яс” чухам энд л бүрэлдэн тогтсон. Алдарт Бурхан Халдун бол үнэхээр бурхан уул байсан бөгөөд Алунгоогийн үеэс Чингис хаан хүртэл 500 жил язгуур Монголын өтгөс аймгийн нэгэн урианхайн нутаг болж байжээ. Бурхан халдун бол алтан ургийн тахилгын гол газар болж байсан шүтээн уул юм” гэж үзсэн.
Угсаатны зүйч, доктор Х.Нямбуу гуай “Бурхан Халдун гэдэг нь Хэнтий Ханы мөнх ногоон ойн дундах эгц өндрийн орой дээрх шүтээн” гэж үзсэн. Энд Чингис хааны үеэс тахилга, тайлга хийж байснаас гадна 1206 онд Чингис хааныг Их Монгол Улсын хаанд өргөөд, Бурхан Халдун уул буюу одоогийн Хэнтий Ханы ууланд Тэв Тэнгэр бөөг залан тэнгэрийн сүлдийг хурайлж тахисан түүхтэй гэж үздэг. Тэр цагаас хойш Монголын ноёд, язгууртнууд алгасалгүй тахиж ирсэн. Тэр ч бүү хэл, Чин улсын үеийн харийн эрхшээлд байхдаа ч гэсэн монголчууд 1118 оноос дахин сэргээж, зуны эхэн сарын 8-наас 15-ны үед сүлд овоонд нь сум өргөх их тахилгын ёслолыг үйлддэг.
Бурхан Халдунаас доошоо буугаад Богдын голын хөвөөнд бэсрэг наадам хийдэг байсан тухай мэдээ байна. Харин 1937 онд Бурхан Халдуныг тахихыг зогсоосон. 1990- ээд оноос дахин сэргэж, Бурхан Халдун уулын шүтлэг тасралтгүй явагдаж байгаа. Зөвхөн тахилга, бишрэлийн үйл явц гэхэд л маш сонин түүхийг агуулж байдаг.
Түүх, хэл шинжлэл, угсаатны зүйн судалгаа шаардлагатай
Бурхан Халдунтай холбоотой домог маш бага тэмдэглэгдэж үлдсэн. Ямар нэгэн түүхэн үйл явцтай холбогдсон домог бий. Тухайлбал, Чингис хаан, түүний дээд өвөг Бөртэ Чино, Гоо Маралтай холбоотой Бурхан Халдун уул, түүний ойр орчмын газар усны тухай домог цөөнгүй. Эдгээрийг Монголын домогзүйчид нэлээд анхаарсан. Тухайлбал, академич Х.Сампилдэндэв гуай, Монголын домог судлалын томоохон төлөөлөл О.Сүхбаатар нарын судалж тэмдэглэсэн зүйлүүд бий.
“Монголын нууц товчоо”- д Чонын гуу гэсэн нэр дурьдагддаг. Чонын гуу гэж Хэнтий ханы өмнөд салбар Ёлын амнаас Богдын гол орох замд Хэрлэн гол руу түрж орсон эгц өндөр эргийг хэлдэг. Дээхэн үед энэ хавьд чоно ихтэй байсан. Чононууд сүрэг сүргээр явж буга согоо болон бусад гөрөөсийг хөөж гуу руу нисгэж барьдаг байж. Адаг сүүлд нь айл хотлын мал сүргийг шоглоод суулгахгүй болохоор нь аргаа барсан малчид ав хомрого хийхээр болж.
Сүрэг боохойтой тааралдаад гуу руу шахан Хэрлэнгийн мөс рүү нисгэж алснаар энэ газрыг Чонын гуу хэмээн нэрлэх болсон тухай домогт гардаг. Чонын гуу эртний түүхт нэр байх магадлалтай. Хятад сурвалжид “Чи нян гу” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Энэ тухай өвөрлөгч эрдэмтэн Батбагана “Чи нян гу чухам хаа байна” гэсэн өгүүлэл бичсэн. Тэр өгүүлэлдээ “Чонын гуу”-г газрын нэр болохыг дурьдаж, Бурхан Халдуны Онон мөрөн, Түнхлэг горхины урсгал нийлсэн Балжун арлын дэргэд буйг тэмдэглэсэн байдаг. Баянхан овооны домогт “Бурхан Халдунаас баруун урагш гарсан уулыг Баянхан овоо хэмээн тахидаг.
Овооны энгэрт Чингис хааны шарил бий гэж настнууд Бурхан Халдун хэмээн нэрлэхийг цээрлэж, шарилыг нандигнан нууцалж харуул манаа тавьж байсан. Бурхан Халдуныг дотор нь Бурхантай, Оргойт, Баянхан, Шургалзай хан, Ёл гэх мэтээр хэдэн хэсэг болгон нэрлэдэг. Бурхантайд бурханаа орхисон, Оргойтод бөөгийн оргой нь, Шургалзайд шарил нь байдаг. Овоо нь оройдоо биш бэлдээ байдаг. Шарилд очиж болохгүй, ариун нандин нууцлах учиртай” гэсэн сонирхолтой домог байна. Түүнээс гадна Онон мөрөн, Түнхлэг горхитой холбоотой домог эх сурвалж олон бий. Эх сурвалжид тэмдэглэгдэж үлдсэн, одоо бидэнд мэдэгдэж байгаа домгийг нэгтгэн багцалж үзэхэд, түүх, хэл шинжлэл, угсаатны зүйн цогц судалгаа хийх шаардлагатайг харуулж байна. Домгийн түүхэн үндсийг баримт, эх сурвалжтай тулгаж үзвэл, нэлээд сонирхолтой мэдээ баримт гарах магадлалтай.
Бурхан халдун Монголчуудын улс төрийн төв байсан
“Монголын нууц товчоо”- д дурьдагдсанаар Бурхан Халдунд Их хориг буюу Монголын их хаадын оршуулгын газар бий. Бурхан Халдун бол хэдэн мянган км үргэлжилсэн Хан Хэнтийн нурууны нэг ноён оргил. Газрын бартаа, байцын хувьд “Монголын нууц товчоо”-д “….цатгалан могой багтамгүй өтгөн шигүү модтой…” хэмээн тэмдэглэгдсэн.
Бурхан Халдун нь дан ганц шүтлэг бишрэл, тахилга тайлгын газар байгаагүй гэдэг нь тодорхой. Энэ нутаг Монголын улс төрийн сэтгэлгээний цөм, оршихуйн үндэс байсан тухай түүхч Л.Мөнх-Эрдэнэ бүтээлдээ “Бурхан халдун, Их хориг, Онон мөрний эх бол монголчуудын улс төрийн сэтгэлгээний төв, гол цөм байсан” гэж дүгнэсэн нь нэн анхаарууштай юм.
Учир нь Мөнх хааныг хаан өргөмжлөх их хуралдайг эхний удаад Дундад Азийн нутаг хийснийг Монголын алтан ургийн ноёд үл зөвшөөрч, зөвхөн Онон мөрөн, Бурхан халдуны нутагт хийхийг шаардаж байсан нь үүний нэгээхэн жишээ юм.
Эдгээр эх сурвалжаас улбаалан хожмын язгуурын монголчуудын улс төрийн сэтгэлгээний төв” гэж үзсэн. Үүнээс гадна С.Бадамхатан, Ш.Нацагдорж, Ч.Далай, Ж.Болдбаатар нарын эрдэмтэн “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар” зэрэг түүхэн сурвалжид тулгуурлан Их хааныг Бурхан Халдун ууланд оршуулсан гэдэгт санал нэгддэг. Доктор О.Амархүү, судлаач Б.Отгонбаатар нар судалгааны өгүүлэлдээ Хэнтий хан уулыг хэрхэн тахих, хамгаалах талаар Манжийн үед болон Богд хаант улсын үед ямар эрх зүйн баримт сэлтийг гаргаж байсныг тэмдэглэсэн байдаг.