МАХН-ын жинхэнэ дарга хэн бэ гэдэг нь мэдэгдэхээ болиод хэдэн сарын нүүр үзэж буй. Өмнөх парламентад бүлэг байгуулах тооны, энэ парламентад ганц боловч гишүүн суулгаснаараа улс төрийн гуравдагч хүчний хоосон орон зай дахь гол тоглогч болж ч мэдэхээр байсан МАХН өдгөө нам гэхэд хэцүүхэн төрхтэй болов. Н.Энхбаярыг дагагсад, О.Баасанхүүг бараадагсад хэмээн хоёр хуваагдсан мэт харагдаж буй ч үнэндээ энэ нь хэдхэн л хүний асуудал юм. Тус намын нэрийг авахаас эхлээд хүчин зүтгэж, Н.Энхбаярыг өмгөөлсөөр олон нийтэд танигдан, УИХ-д хоёр ч удаа сонгогдоод буй О.Баасанхүү өөрийгөө дарга хэмээн зарласан.
Есөн жилийн өмнө баталж, Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дүрмээр нь бол МАХН-ын Их чуулган хоёр жил тутамд хуралдах ёстой. Гэтэл анхдугаар Их чуулганаас хойших найман жилд ганц ч хуралдаагүйд тэсвэр алдсан намын гишүүдээ О.Баасанхүү зангидан, өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд ээлжит бус Бага чуулган зарлаж, тэндээс намын II Их чуулган хуралдуулах шийдвэр гаргасан юм. Их чуулган өнгөрсөн сарын 9, 10-нд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулан, О.Баасанхүүг намын даргаар сонгов.
Тухайн үед О.Баасанхүү “Намын эрх барих дээд байгууллагаас Н.Энхбаярыг чөлөөлөх тогтоол баталчихсан учир тэрбээр нам удирдах эрхгүй. Одоогоор МАХН-ын даргын албыг УИХ-д суудалтай гишүүндээ хариуцуулаад байна. Дээд шүүх Их чуулганы хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд цаашид би МАХН-ыг удирдана” гэсэн бол түүний эсрэг хэсгийн төлөөлөл болох С.Ганбаатар “О.Баасанхүү нарын нөхөд хутган үймүүлж, бусдад буруу ойлголт төрүүлэх гэж хууль бус зүйл хийж байна. Дүрмийн бус хурал хийж, жүжиг тавьчихаад өөрийгөө бас намын дарга гээд байгаа юм шүү. О.Баасанхүү улс төрд хэн ч биш, МАНАН-гийн гар хөл” хэмээсэн.
Н.Энхбаярын нэрээр УИХ-ын гишүүн болонгуутаа илүү ихийг хүсэж, салбарын сайд, бүлгийн даргаар дэвшсэн бусадтайгаа барьцан, намын удирдлагатайгаа түнжин хагарч эхэлсэн үеэсээ О.Баасанхүү Н.Энхбаярын шүдний өвчин болсон. Н.Энхбаяр тэргүүтнүүдэд шүдний өвчнөөсөө салах хүсэл ч хэдэнтээ төрсний илэрхийлэл болж О.Баасанхүүг намаасаа хөөх тухай яриа нэг бус удаа гарч байв. Харин МАХН-ын дүрэмд гишүүнээ хөөх эрхийг намын удирлагуудад өгөөгүй. Өөрийгөө МАХН-ын “эзэн” гэж боддог Н.Энхбаяр ч гишүүнээ хөөх шийдвэр гаргаж чадахгүй. Тиймээс Н.Энхбаярын талынхан Бага чуулган зарлан дүрмээ өөрчилж, О.Баасанхүүг хөөх боломжоо нээхийг санаархсан ч Дээд шүүх уг өөрчлөлтийг нь бүртгэж аваагүй юм.
Ингээд О.Баасанхүүг хөөж чадаагүй тул өнгөрсөн баасан гаригт Дээд шүүх намын даргаар бүртгүүлэх О.Баасанхүүгийн хүсэлтийг хэлэлцээд, татгалзсан шийдвэр гаргав. Дээд шүүхийн мэдээлэлд “Хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн, эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон. Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй.
Намын эрх бүхий байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзав” гэсэн байв. Шүүхийн шийдвэр гарсны дараа МАХН-ын төлөөлөл болох УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж нар хэвлэлийн хурал хийж, “О.Баасанхүү МАХН-ын гишүүн биш, манай нам УИХ-д суудалгүй болсон. О.Баасанхүү МАХН-аас болон ард түмнээс уучлалт гуйх ёстой. Тэр хүн хурал зохион байгуулахдаа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Тамга хулгайлсан, бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх мэт хэргээр нь бид АТГ, цагдаа болон холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар хандана. Эдгээр үйлдэлдээ хариуцлага хүлээх байх” гэв.
Харин О.Баасанхүү “Намын даргаар намайг сонгосон Их чуулганы шийдвэрийг бүртгэж авахаас татгалзсан нь шүүхийн шийдвэр биш, шүүгчийн шийдвэр. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Дээд шүүхийн шийдвэр гар дээр ирэхээр цаашид хэрхэхээ шийднэ. Ямар шалтгаанаар бүртгэх боломжгүй гэж үзсэнийг нь хараад, засах боломжтой бол засаж, дахин Дээд шүүхэд хандана. Эсвэл Захиргааны хэргийн шүүхэд хандана” гэв. Намын гишүүнчлэлгүй болсон тухайд тэрбээр “Тэд намайг МАХН-аас хөөсөн гэж найм дахь удаагаа ярьж байна. Н.Энхбаяр тэргүүтнүүд намын дүрэмдээ гишүүнээ үзэмжээрээ хөөдөг болох өөрчлөлт оруулах гэж оролдоод бүтээгүй шүү дээ. Дүрмээр бол намайг хөөх боломжгүй. “О.Баасанхүүг хөөсөн. МАХН УИХ-д суудалгүй” гэж ярьсан хэрнээ мөнгө авах болохоороо “Манайх УИХ-д суудалтай” гээд явж байгаа хүмүүс шүү дээ. Улс төрийн намын тухай хуульд нэг сонгогчийн саналыг 1000 төгрөгөөр тооцож, намд санхүүжилт өгдөг.
2016 оны УИХ-ын сонгуулиар 114 мянган иргэн намайг дэмжсэн болохоор МАХН 114 сая төгрөг авдаг. Дээр нь УИХ-д авсан суудлын тоогоор 10 сая төгрөг өгдөг. Энэ мөнгийг надад өгөх ёстой ч МАХН өгдөггүй. Намайг намаас хөөсөн, УИХ-д суудалгүй нам болсон гэж дахин дахин мэдэгдээд байгаа учраас энэ жил Сангийн яам дээрх мөнгийг өгөхгүй гэтэл “Манайх УИХ-д суудалтай” гэж явсаар авахаар болсон. Ийм байж яаж УИХ-д суудалгүй гэж хэлж чадаж байна аа” гэлээ. Мөн тэрбээр “Намайг Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн учраас хуулийн байгууллагад шалгуулна гэсэн байна билээ. Тэгж яривал өөрсдөө л жинхэнэ гэмт хэрэгтнүүд шүү дээ. Бүгд ямар нэг хэргээр хуулийн байгууллагад шалгагдаад явж байгаа. Тэдэнд яагаад нам хэрэгтэй вэ гэвэл шоронгоос хамгаалах хамгаалалт болдог юм.
Би ийм зорилгоор намыг ашиглах гээгүй” хэмээсэн. Н.Энхбаярын талынхан II Их чуулганаа ирэх сарын 9, 10-нд хуралдуулж, намын дүрэмд өөрчлөлт оруулан, бодлого, хөтөлбөрөө шинэчлэхээр төлөвлөж байгаа. О.Баасанхүү ч бууж өгөхгүй нь. Үйл явдлын өрнөл, гол дүрүүдийн амнаас гарч буй үгний өнцгөөс харахад МАХН-ын дотоод хэрүүл мөд намжихгүй янзтай. Гэр бүлийн хэрүүлээ түмэнд зарлаж, аав, ээж, ах дүүдээ нэгнийхээ хамаг булайг дэлгэчихдэг хос шиг МАХН-ынхан бие биенийхээ булайг дэлгэх өдрүүд айсуй.
Дээд шүүхийн хуралдаанд оролцоод гарч ирсэн О.Баасанхүүд нэгэн эмэгтэй халдаж, хувцаснаас нь зулгаасан, нөгөөх нь амь зулбан зугтаж буй агшныг гэрэл зурагчид буулгасан нь нийтийн хүртээл болов. Түүний энэ төрхийг хараад өмөөрч, хамгаалснаас илүү, доог тохуу хийсэн нь олон харагдсан. Иймэрхүү хандлагад бид ч хэдийнэ дассан аж. УИХ-ын чуулганы танхимд ч, гудамжинд ч О.Баасанхүүг үл тоож, доромжлох, бүр цохиод авах нь гайхмаар зүйл биш, тэгж л байх ёстой мэт ханддаг болчихож. Уг нь тэр бусад 75-ынхаа нэгэн адил сонгогчдын саналаар сонгогдсон, тэднийг төлөөлдөг, хуулиар хамгаалсан халдашгүй эрхтэй УИХ-ын гишүүн.
Цөөнх ямагт хүчгүй, дорой байдаг. Тэр тусмаа О.Баасанхүү гишүүн үл хайхарсан, үгүйсгэсэн, доог дохуу хийж доромжилсон хандлагатай байнга тулгарч байгаа нь харагддаг. Хэлж ярьж, санаж сэдэж буйд нь авах ч зүйл бий, орхих юм ч байгаа. Заримдаа тэр хэт шоу хийдэг. Гэвч энэ нь намынх нь нөхдөөс эхлээд УИХ-ын гишүүд, төрийн албаныхан, гудамжинд таарсан хэн нэгэн хүртэл түүнийг үл тоож, доог дохуу болгож, шашин шүтлэгээр нь ялгаварлаж, галзуу согтуугаар дуудаж, бүр биед нь халдах шалтгаан биш билээ. О.Баасанхүү ч бай, өөр хэн ч бай, ялгаварлан гадуурхагдаж, дээрэлхүүлэх ёсгүй. Нөгөө талаас нь харвал, өөрөө нийтийн дагаж мөрддөг хэм хэмжээ, хууль ёсноос гажих ёсгүй. УИХ дахь ийм нэгэн гишүүний ялгаварлан гадуурхагдаж буй байдалтай зэрэгцээд төрийн үнэлэмж, төрийн түшээдэд тавих шаардлага, шалгуур, босгын асуудал хөндөгдөж байгаа юм.