Нийслэлийн утааг бууруулахын тулд Засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрэв. Ингэхдээ зуух тараан, тараахгүй, утаа бага гаргадаг түлш гэх мэт өмнөх Засгийн газруудын ярьж байсныг тэд одоо ч ярьсаар. Сүүлийн үед харин ипотекийн зээлийн хүү болон урьдчилгааг багахан хэмжээнд бууруулах талаар Засгийн газрын хүрээнд яригдаж эхэлжээ. Тодруулбал, Сангийн яамнаас орон сууцны зээлийн хүү, урьдчилгааг бууруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэг саяхан дүгнэлтээ гаргаж, ипотекийн зээлийн хүүг 7,5 хувь, урьдчилгааг 25 хувь болгон бууруулах боломжтой” гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодруулахад “Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан. Одоо зарим асуудлыг судалж байна. Ажлын хэсгийн дүгнэлт одоогийн нөхцөлд урьдчилгааг 30 байсныг 25 хувь, хүүг найм байсныг 7,5 хувь болгон бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ энэ чиглэлээр судлах маш их ажил байгаа учраас энэ бол ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа асуудал. Ажлын хэсэг эцсийн дүгнэлтээ ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэсэн тайлбарыг өглөө.
Ажлын хэсгийн дүгнэлт одоогоор ярианы түвшинд хэлэлцэгдэж байгаа учраас энэ эцсийн шийдвэр биш. Гэвч хамгийн боломжтой хувилбар нь энэ гэх. Утаанаас салахад хамгийн эхний арга бол орон сууцжуулах. Зах зээл дээр 30 гаруй мянган орон сууц эзнээ хүлээж буй. Тэгвэл эрэлт, нийлүүлэлтийн хэрэгцээгээ хангаж 30 орчим мянган өрхийг төрөөс тодорхой менежменттэйгээр орон сууцжуулж чадвал төдий тооны яндан буурна. Хэрэв энэ асуудлыг Засгийн газар дэмжвэл зөвхөн шинээр орон сууц авах иргэдэд үйлчлэх юм байна. Одоогийн найман хувиар ипотекийн зээлээ төлж байгаа иргэдэд үйлчлэхгүй байхаар тооцоолжээ.