Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Инду Бушан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, нийгэм зэрэг салбарт үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд сайд Г.Занданшатар талархал илэрхийлэв.
Мөн Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. Тухайлбал эдийн засгийн шинэчлэл хийн хүндрэлийг даван туулж, өсөлтийг тогтворжуулах, хүнс экспортлогч орон болох, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежментийг нь сайжруулж, Хөрөнгийн биржээр хувьцааны тодорхой хувийг нь худалдахаар төлөвлөж байгаа зэргийг дурдав.
Уулзалтын үеэр хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцлоо.
Манай улс 1991 оноос хойш Азийн хөгжлийн банкнаас 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 310 гаруй зээл, буцалтгүй тусламж авч зам, тээвэр, санхүү, төрийн салбарын удирдлага, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, эрчим хүч, боловсрол, үйлдвэр, худалдаа зэрэг салбарт зарцуулсан байна. Өнөөдрийн байдлаар 22 зээл, 10 буцалтгүй тусламж, 43 техник туслалцааны төсөл хамтран хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.