Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулж, Ерөнхий сайдад асуулга тавьсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт төгсгөлд нь үг хэллээ.
Тэрбээр “Малаа даатгуулсан иргэдэд төрийн үйлчилгээ хүрдэг байх бодлого руу цаашдаа явах ёстой. Жил болгон өвөл болно, тэр бүгдэд асуудлаа бага, багаар шийдсэн байх ёстой.
Мөн малчдад зээлээр өвс тэжээл олгохдоо ямар тохиолдолд зээлээр, ямар тохиолдолд үнэгүй өгөх вэ гэдэг бодлого тодорхой болгох шаардлагатай” гэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Б.БАТ-ЭРДЭНЭ: ДУГААРЛАЖ БАЙЖ, 10 ЛИТР БЕНЗИН АВДАГ БОЛЛОО
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Хэнтий аймгийн урд талын сумдад өвөлжилт хүндэрлээ. 150 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй, 400 тонн өвсийг үнэгүй нийлүүлээч ээ гэдэг хүсэлт гаргаад байна.
Өвс, тэжээлийг сумдад хүргэхэд тээврийн асуудал маш хүнд боллоо.
Хөдөө байтугай нийслэлд дугаарлаж байж, 30 мянган төгрөгөөр 10 литр бензин авч байна. Цас зудтай байгаагаас зам даваа хаалттай байна. Үүнд анхаараач ээ.
Хэд, хэдэн сумдын эмнэлэгт машин хэрэгтэй боллоо. Хурх, Дархан зэрэг сумдын машиныг шийднэ гэдэг ам өчиг өгсөн. Өвөл, хаврын хэцүү цагт шаардлагатай байна, Эрүүл мэндийн сайд аа анхаарч үзээч ээ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш:
Малчдад өвс, тэжээл хүргэхэд гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу орон нутагтай хамтарч ажилласан. 4.5 тэрбумыг өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зарцуулсан.
Хэнтий аймагт 211.1 сая төгрөг шийдвэрлэж хүргүүлсэн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
Өнгөрсөн жил зун, намар зуншлага тааруугаас хадлан тэжээл хангалттай төвшинд бэлтгэж чадаагүй. Засгийн газар хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. 2017 оны төсвийн тодотголд 4.5 тэрбумыг суулгаж өгч шийдвэрлэсэн. Хамгийн хүнд хүйтэн өвөл ирэх 10 хоногт тохионо.
Хэнтий аймгийн зургаан суманд өвөлжилт хүндэрсэн байгаа. Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймагт хуваарилах шийдвэр гаргалаа. Ирэх пүрэв гаригаас Шадар сайд аймгуудад ажиллана.
Цагаан сар хаяанд ирж байгаа ч хавар үргэлжилнэ. Малын тэнхээ тамир доройтсон үед яаж ч өвс тэжээлээр тордоод нэмэргүй, хэвтээд өгнө. Одоо л сайн тордох шаардлага байгаа.
Улсын хэмжээнд 66.5 сая толгой мал тоологдсон. Хонин толгойд шилжүүлбэл 110 сая малаа онд бүрэн оруулах ёстой.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:
Малчдын гар дээр бэлэн мөнгө алга, худалдаад авах тамиртай малчин алга. Ноолуураас нь өвс, тэжээлийн үнээ суутгаад авах бололцоотой юу. Энийг л малчид асууж байна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш:
Өвс, тэжээлийг малчдад зээлээр олгох ажлыг аж ахуйн нэгж зохион байгуулж байна. Нийтдээ 636 сая төгрөгийн тэжээлийг зээлээр, ноосны урамшууллаас нь тооцож авахаар 109 сая төгрөгийн тэжээл олгосон байна. Мөн арьс шир түүхий эдээр нь зээлээр өвс, тэжээл олгосон.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
Өвөлжилт хүнд сумдад түргэн тусламжийн машин олгоно.
Хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн засвар, бензины зардал, эм эмнэлгийн хэрэгслийг шийдээд өгсөн учраас хүндрэлгүйгээр тусламж үйлчилгээг хүргэнэ.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Д.Цогтгэрэл:
Улсын хэмжээнд энэ сарын 16-ний байдлаар шатахууны 37 хоногийн нөөцтэй байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Шатахууны үнэ нэмэгдээгүй байгаа. Тодорхой шийдвэр гартал үнэ нэмж болохгүй. Тэр зохицуулалт хийгдээд явж байна.
Ө.ЭНХТҮВШИН: МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАР ТОГТООХ ШААРДЛАГАТАЙ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт өвөлжилтийг даван туулахад Засгийн газар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Я.Санжмятав нар мөн энэ асуудлаар мэдээлэл хийхийг хүссэн аж.
Иймээс өвөлжилтийн талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллээр бол нийт нутгийн 80 хувь нь цастай, 110 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аймгийн малчдад улсын нөөцөөс 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж өгөх шийдвэр гаргасан байна.
Мөн өнөөдрийн байдлаар 8 сая мал отроор өвөлжиж байна.
Өнгөрсөн жил ихэнх нутгаар зуншлага тааруу байснаас өвс, тэжээлийг дотоодоосоо бүрэн хэмжээгээр бэлтгэх боломжгүй болсон. Иймээс ОХУ-аас шаардлагатай өвс, тэжээлийг импортолсон. Эдгээр өвс, тэжээлийг татвараас хөнгөлснөөр малчдын гарт хүрч буй тэжээл 25-30 хувийн хямдралтай үнээр очиж байгаа аж.
Цаашид малыг бэлчээрийн даацад тааруулахын тулд малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, махыг нь экспортод гаргах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тариалалтыг нэмэгдүүлэх, малын хөлийн татвар ногдуулдаг болох шаардлага байна гэлээ.
“МАФИЖСАН БАЙДЛААР ЭМИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВЧ БАЙНА”
УИХ-ын чуулганд хийсэн Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж, гишүүд асуулт тавьж, Эрүүл мэндийн сайд хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
“Элэг бүтэн Монгол” гэдэг шиг “Уушиг бүтэн , бөөр бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх үү. Яагаад гэвэл энэ өвчлөлүүд өндөр авсан. Уушигны өвчлөл гамшгийн хэмжээнд очсон. Ардын намын мөрийн хөтөлбөрт элэгний вирусыг арилгана гэсэн. Эндэгдэлгүй, нас баралтын хэмжээ нь бага байх ёстой. Гэтэл дэндүү их байна. Ард түмнээ эрүүлжүүлэхэд ямар бодлого барьж байна вэ. Өнгөрсөн хугацаанд В, С вирусын шинжилгээнд хэчнээн хүн хамруулав, хэчнээн хөрөнгө зарцуулав. Шинжилгээ хийдэг лабораториуд баталгаатай юу.
Хуурамч эм, жинхэнэ эм хоёрыг ялгах аргагүй болсон. Хяналт муутай байна. Сайн чанартай эм оруулж ирье гэхэд асар хүнд суртал байдаг. Гэтэл мафижсан байдлаар эмийн зөвшөөрлийг авч байна гэх.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
В, С вирусын шинжилгээнд эхэлж 40-65 насныхныг хамруулсан. ЭМД-ын шимтгэл төлдөг иргэдийг хамруулсан учраас орхигдсон талууд бий. Өмнөх шатанд гарсан алдаа дутагдлыг хоёр дахь шатанд засаад явах бололцоотой. Үлдсэн иргэдээ шинжилгээнд хамруулаад явна. Шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт суулгасан. Нийт 1.2 сая иргэн хамрагдана. Үүнээс 900 мянга нь ЭМД-д хамрагдсан байгаа. ЭМД-д хамрагдаагүй иргэдийг шинжилгээнд яаж хамруулах вэ гэдэг дээр шийдэл хайж байна.
В, С вирусын шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийж байгаа. Аль нь буруу зөрүү замаар зөвшөөрөл авсан гэдгийг мэдэхгүй. Сонгон шалгаруулалтад орж, зөвшөөрөл авсан компаниуд.
Хүн амын дунд амьсгалын замын өвчлөл зонхилж байна. Уушигны өвчлөлд анхаарах ёстой гэдэгтэй санал нэгдэнэ. Уушигны өвчнийг эрт илрүүлэхээр ажиллаж байна.
Эмийн чанарын асуудлаар гомдол санал их гардаг. Бүтцийн өөрчлөлт хийх шаардлага байгаа.
Эрт илрүүлгийн шинжилгээнд 350 мянга гаруй хүн хамрагдсанаас 20 мянга гаруй нь эмчилгээнд хамрагдсан. Нийт 6 тэрбум төгрөгийг төсвөөс гаргасан. Үр дүн 98 хувьтай байгаа.
“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАВ
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн үр дүнг танилцууллаа.
Элэгний хорт хавдраар өвчлөх гол шалтгаан болдог В, С вирусын дэгдэлт иргэдийн дунд өндөр байгаа тул Засгийн газар “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Хөтөлбөрийн хүрээнд эхэлж иргэдийн дунд вирустэй эсэхийг оношлох, хөнгөлөлттэй үнээр эм нийлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан байна.
Ерөнхий сайдын онцолсноор өнгөрсөн хугацаанд В, С вирусээс урьдчилан сэргийлэх, сайн дурын дархлаажуулалтад 90 мянга гаруй иргэн хамрагджээ.
Энэ онд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр оношлогоо, эмчилгээ хийлгэх бодлого барьж буй юм байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА
Хууль батлагдсанаар тархины үхжилттэй донороос эд эрхтнийг нь авч, бусдад шилжүүлэн суулгах боломжтой болж байна. Ингэхдээ тархи нь үхэжсэн иргэн заавал 25-аас дээш насных байх шаардлага тавигдаж буйн зэрэгцээ гэр бүлийнхнийх нь зөвшөөрлийг авсан байх ёстой юм.
Мөн амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгахыг зөвхөн гэр бүлийн гишүүнд нь хамаарахаар зааж өглөө.
Түүнчлэн ашиг хонжоо олох зорилгоор эд эрхтэн шилжүүлэхийг хуулиар хориглож байна.
УИХ-аар хуулийг батлахын өмнө гишүүд зарим асуудлыг тодруулав.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал дээр Монголын эмч нар бэлтгэгдсэн, өндөр төвшинд ажиллаж байгаа. Нийгэмд хэрэгцээ шаардлага байгаа учраас хуулийг батлах шаардлагатай.
Гэхдээ төслийг сайжруулахтай холбоотой хэд, хэдэн санал байна.
Нэгд, Донорын тухай хууль гэж нэрлэсэн нь агуулгаа бүрэн илэрхийлэхгүй байгаа, мөн логиккгүй байгаа. Донор гэснийг Эрхтэн шилжүүлэн суулгах гэж томъёолох нь илүү оновчтой биш үү.
Хоёрт, амьд донороос эрхтэн шилжүүлэх бол зөвхөн гэр бүлийн гишүүн нь байна гэж төсөлд заасан. Амьдрал өөрөө баян. Нэг гэрт амьдардаггүй ч эцэг, эх, ах дүү нараас нь эрхтэн шилжүүлэх асуудал гарч болзошгүй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар зөвхөн нэг гэрт амьдарч байгаа хүмүүсийг гэр бүлийн гишүүн гэж тодорхойлдог.
Гуравт, донорын шинжилгээний явцад илэрсэн эмгэгийг зөвхөн өөрт нь мэдэгдэнэ гэж хуульд заасан. Респент нь 18 насанд хүрээгүй хүүхэд байж болно. Энэ тохиолдолд зөвхөн өөрт нь гэж хатуу заахаар эцэг, эхэд нь хэлбэл, Зөрчлийн хуулиар эмч хариуцлага хүлээх болоод байна?
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн, ажлын хэсгийн ахлагч Т.Гантулга:
Хуулийн нэршил дээр 2000 оноос хойш Донорын тухай хууль гээд явсан. Таны саналыг авч үзэх ёстой, цаашдаа хууль төгөлдөржөөд явах ёстой.
Хэрэв бид нэршлийг соливол буцаагдах асуудал үүсэх байсан. Хуульч учраас таныг ойлгоно гэж бодож байна.
Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар үрчлэн авсан хүүхэд болон болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж заасан. Төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг эх, ач, зээ тэдгээрийн хүүхэд. Садангийн хүн гэдэг нь гэрлэгчийн төрсөн ах, эгч, гээд цааш үргэлжилнэ. Өргөн агуулгыг илэрхийлнэ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Банкны зээлээ төлж чадахгүй болоод бөөрөө зарах гээд явж байна гэсэн зар явж байсан. Энэ хуулийг зөвөөр хэрэгжүүлэхгүй бол ашиг хонжоо олох хэрэгсэл болж хувирч болзошгүй.
Хууль баталдаг ч зөв хэрэглэж чадахгүй байна гэдгийг зөвлөмөөр байна.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн, ажлын хэсгийн ахлагч Т.Гантулга:
Эд эрхтний наймаа хийдэг хууль бус юм руу оруулахгүйн тулд зөвхөн гэр бүлийн гишүүнээс амьд донор шилжүүлж авч болно гэж хуульчилж өгсөн. Өөр бусад тохиолдлоор донор болохыг хориглосон. Ингэснээр “би хуурай ах нь, дүү нь, ямар нэгэн ашиг хонжоо харахгүйгээр эд эрхтнээ өгнө” гээд явж болзошгүй хууль бус зүйлийг хааж байгаа юм. Донорын тухай хуулийг сурталчилна. Гэхдээ эд эрхтнийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг сурталчилж болдоггүй. Олон улсын жишгээрээ ийм юм. Ганцхан тохиолдолд эд эрхтэнтэй холбоотой асуудлыг сурталчилж болдог. Энэ нь зөвхөн цусны донорыг алдаршуулах л юм.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Т.Гантулга гишүүн ээ, гэр бүлийн гишүүн гэдэгт хэнийг хамруулдаг вэ гэдэг талаар та их буруу ойлголттой байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
Эрсдэлийг тооцож ажиллах ёстой гэдэг гишүүдийн саналтай санал нэгдэнэ.
Эд эрхтний наймаанаас урьдчилан сэргийлэхийн тулд импортлох, экспортлохыг хориглосон. Энэ нь мөн ашгийн төлөө бус сайн дурын үндсэн дээр байна гэдгийг хатуу хуульчилсан.
Дараа нь чуулганаар Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэхүү хуулийг хаалттай горимоор хэлэлцэх ёстой аж. Тиймээс тул чуулганы хуралдааныг түр хугацаагаар хаалттай дэгээр үргэлжлүүлж, хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн байна. Чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав.
Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.
“ОЮУТОЛГОЙ” КОМПАНИД ШАЛГАЛТ ХИЙХ САНАЛ ГАРГАВ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД:
Намрын чуулган завсарлахад гурван долоо хоног үлдлээ. УИХ завсарлахаасаа өмнө олны анхаарал татаж байгаа асуудлуудад хариу өгөх шаардлагатай.
Хүний эрх, иргэний эрхийн талаар хөндөж ярих ёстой.
Энэ хүнтэй холбоотой асуудлыг УИХ-аар нээлттэй сонсъё гэхэд боломжгүй гээд арга буюу бид хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэгт иргэд хууль хяналтын байгууллагынхантай холбоотой асуудлыг ярьсан. Гэтэл өнөөдөр тэр хүмүүсийг улсын прокурорт шилжүүлсэн байна. Ямар хүнд байдалд оруулж байгааг өнөөдөр мэдэх хүн байна уу.
Яагаад УИХ ажлын хэсэг гаргаад энэ асуудлын үнэн мөнийг тогтоодоггүй юм бэ, хуулийн байгууллагад тэр хүмүүсийг өгөх биш энд яагаад иргэдийнхээ үгийг сонсож болдоггүй юм.
УИХ-ын гишүүний гомдлыг хүлээж авахгүй байхад иргэдийг яах бол. Ийм байхад УИХ тараад явлаа юу, цагаан сараа тэмдэглэлээ юү.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:
Л.Болд гишүүний хөндсөн асуудлаас илүү өвөлжилтийн талаар өнөөдөр Засгийн газраас мэдээлэл сонсох шаардлагатай байна. Хуульдаа нийцүүлээд С.Бямбацогт гишүүний өвөлжилттэй холбоотой асуудлаар тавьсан асуулгын хариуг сонсмоор байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:
Оюутолгойн асуудлаар УИХ ажлын хэсэг байгуулмаар байна. Өмнө нь энэ асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад тодорхой асуудлыг сайжруулж явж байсан.
Ажлын хэсэг 1.8 тэрбумын зөрчил илрүүлэхэд Дубайн гэрээгээр байхгүй болгосон.
Айлчлал хийгээд гаднаас 500 сая ам.доллар олж ирлээ гээд баярлаад байна. Гэтэл өөрийнхөө газар нутаг дээр ажиллаж байгаа компани нь зөрчил гаргаад байхад ажилладаггүй. Тагнуул, цагдаа оруулаад УИХ-аас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргая.
“Эрдэнэт” үйлдвэрийг УИХ шалгаж болдог, “Оюутолгой”-г шалгаж чаддаггүй байж таарахгүй.